АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Дональд Трамп CEO нарт юу амлав?

 

Өнгөрсөн Пүрэв гарагт Дональд Трамп Америкийн төдийгүй дэлхийн луугар компаниудын CEO нартай хаалттай уулзалт хийж Ерөнхийлөгчөөр сонгогдвол бизнесийн орчинд юу хийх талаар ярилцжээ. 

CEO нарын лобби бүлэг: Дональд Трамп Америкийн 200 гаруй томоохон компанийн CEO нарын лобби бүлэг болох Business Roundtable-н улирал тутмын уулзалтад очиж уулзалт хийсэн юм. Уулзалтад Жо Байденыг мөн урьсан ч тэрбээр Их 7-гийн хурлаар Италид байж таарсан шүү.

Дугуй ширээний ардах яриа

Тус уулзалтад Blackstone (BLK), JPMorgan (JPM) ,Citigroup (C), Bank of America (BAC), Nasdaq (^IXIC) Apple (AAPL)-н CEO тэргүүтэй дэлхийн нөлөө бүхий 100 гаруй CEO очсон сурагтай. Уулзалтын үеэр Дональд Трамп Ерөнхийлөгчөөр ахин сонгогдвол корпорацуудын татварыг 21%-иас 20% болгон бууруулах, бүр цаашлаад 15%-д аваачих талаар мэдэгдсэн юм

Татварыг бууруулна: Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгч байхдаа 2017 онд өөрийн нэрийн хуудас болсон “Татварыг бууруулах болон ажлын байрны тухай хууль”-ийн хүрээнд корпорацуудын татварын хэмжээг 35%-иас 21% хүртэл бууруулж байсан

Татварыг нэмэгдүүлнэ: Харин нөгөө талд өнгөрсөн 3-р сард Жо Байден корпорацуудын татварыг 28% болгон нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн бариад буй. Учир нь Дональд Трампийн татварын хууль $1.3 их наядын өртөгтэй байсан төдийгүй Жо Байдены үзэж буйгаар томоохон компаниудын татварыг нэмэгдүүлснээр ирэх 10 жилд $1.1 их наядыг төсөвт төвлөрүүлж төсвийн алдагдлаа нөхөх боломжтой аж.  

Бодлогын өрсөлдөөн

Мэдээж Дональд Трамп CEO нартай уулзсан нь сонгуулийн хандив босгох, дэмжлэг авах зорилготой. Тэрбээр өөрөө бизнес эрхлэгч болохоор бизнесийнхэнд элэгтэй ханддаг гэж шүүмжлүүлдэг ч түүнийг Ерөнхийлөгч байх үед хөрөнгийн зах зээлд нар гарч байсан. Гэснээс тэд 6 сарын 27-нд CNN, 9 сарын 10-нд ABC телевизээр мэтгэлцэхээр болсон. Хэрүүл хийх болов уу, бодлогоороо мэтгэлцэх болов уу? Хүлээж сууя. 

Эцэст нь… Уг нь бол улс төрийн болон улстөрчийн амлалт үнэ цэнтэй байх ёстой. Харин манай улс төрчид хэрэгжих эсэх нь мэдэгдэхгүй, болсон болоогүй амлалтыг хахтал нь хэлдэг. Эдгээр хүмүүс бол бодлого тодорхойлогчид. Угтаа бодлогоороо өрсөлдөж, мэтгэлцэж байж иргэдийн, бизнесийн төлөөллүүдийн дэмжлэгийг авах ёстой хүмүүс. Даанч гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг бодлогын өрсөлдөөн биш өөр юмны өрсөлдөөн л явдаг даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ