АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монгол, Өмнөд Солонгосын харилцаа тэлсээр

Манайх Өмнөд Солонгостой метроны төсөл, төмөр замын салбарт хамтран ажиллахаар болоод байна. Ер нь бид Өмнөд Солонгостой ямар харилцаатай, юу хийж бүтээлцэж байлаа? 💭

34 жилийн хугацаанд 

Монгол Өмнөд Солонгостой 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш олон салбарт хамтран ажиллаж байгаа. Гэхдээ өнгөрсөн жилээс илүү олон ажил хийгдэж байгаа гэж хэлж болно. Тодруулбал, 2011-2023 оны хооронд Өмнөд Солонгосоос нийт $405.4 саяын хөрөнгө оруулалт орж ирээд байна. Тэр дундаа 2023 онд $57.2 саяын хөрөнгө оруулалт хийсэн нь сүүлийн 11 жилийн хугацаанд Өмнөд Солонгосоос орж ирсэн хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт юм. 

Тус онд юу болов? 2023 онд Өмнөд Солонгостой хийсэн хамгийн том хэлэлцээр бол KT групп Монголоос газрын ховор элемент импортлохоор болсон явдал байв. Мөн Монголбанк Солонгосын КТ группийн охин компани болох BC Card-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад амжсан.

Welcome to Mongolia: Нэмээд өнгөрсөн онд Сөүлд “Welcome to Mongolia” хөтөлбөрийг зарлаж, тус улсын иргэдийг 2023-2025 онд 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэр гаргасан. Улмаар 2023 онд Монголд Өмнөд Солонгосоос ирсэн жуулчдын тоо жилийн өмнөхөөсөө 2.6 дахин нэмэгдэж 140 мянгад хүрснээр нийт жуулчдын 23.5%-ийг бүрдүүлжээ

Цаашид юу болох вэ? 

Манайд 13 жил яригдсан метроны төслийн зөвлөх үйлчилгээг Өмнөд Солонгосын "Dohwa Engineering" компани үзүүлэхээр болсон. Тус компанийн хувьд 1957 онд байгуулагдсан цагаасаа Өмнөд Солонгосын дайны дараах сэргээн босголтын хүрээнд Сөүлийн метроны систем, Инчоны нисэх онгоцны буудлын төсөлд оролцож байж. Нэмээд Филиппин болон Ойрх Дорнодод усан хангамжийн системийн төслүүд дээр ажилласан байна. Тэгэхээр нэлээд туршлагатай байх нь. 

Хамтрал үргэлжилнэ: Түүнчлэн Солонгосын Төмөр замын корпорац болон хэд хэдэн байгууллага манай төмөр замын төслүүдэд ТЭЗҮ боловсруулах, төмөр замын бүтээн байгуулалтын санхүүгийн загвар, удирдлагын схем боловсруулах тал дээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа

Эцэст нь… Хөршүүдээсээ хэт хамааралтай бидний хувьд харилцаа холбоогоо өөр нэг улстай зузаатгаж байгаа нь сайшаалтай юм даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ