АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Орос, Монголын харилцааг тольдъё

 

Өчигдөр Оросын эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласны баяр болгон тэмдэглэдэг Оросын үндэсний баяр тохиов. Тус үйл явдалтай холбогдуулан Орос, Монголын харилцааг тоон хэлээр харцгаая. 

103 жилийн түүхт харилцаа хэр нь…

Өнгөрсөн оны байдлаар Орос, Монголын худалдаа $2.5 тэрбумд хүрсэн бөгөөд худалдааны нийт эргэлтийн 96%-ийг Орос буюу бидний тус улсаас импортолсон бараа бүтээгдэхүүн эзэлж буй. 2 орны гадаад худалдааг сүүлийн 10 жилээр харахад Монголын тус улс руу экспортолсон бараа, бүтээгдэхүүний дүн $112 саяас давсан түүхгүй аж. Үргэлжлүүлээд, Оросоос Монгол руу хэр их хөрөнгө оруулдгийг харвал 2023 онд $25 сая буюу нийт ГШХО-ын ердөө 0.8%-ийг л эзэлсэн байдаг. 

Түншлэл ба хамтрал

Монгол болон Орос дипломат харилцаа тогтоосноос хойш 103 жил, иж бүрэн стратегийн түншлэлд хүрснээс хойш 5 жилийг ардаа үдсэн ч 2 орны хооронд стратегийн түншлэлийн хэргийг гаргасан мега төслүүд төдийлөн хэрэгждэггүй. 

Боломжит амлалтууд: 2016 онд Хятад, Монгол, Орос 3 улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх эдийн засгийн коридорыг бий болгохоор тохиролцож байсан. Тус ажлын хүрээнд 32 төслийг хэрэгжүүлэхээр баталж байв

3 улсын эдийн засгийн коридорын хамгийн олон төсөл логистикийн салбарт хэрэгжих бөгөөд 2022 онд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн буюу Хятадтай холбогдох төмөр замын бүтээн байгуулалтууд л нэлээн ахицтай хэрэгжсэн юм. Харин Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам 11 жилийн өмнө яригдаж 2022 онд л бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн байдаг.

Хориглохгүй гэхдээ зөвшөөрөхгүй: Үргэлжлүүлээд, Орос, Монголын харилцааг Монголын эрчим хүчний хамааралгүйгээр төсөөлөхийн аргагүй. Санаж байгаа бол үлгэр домог шиг 33 жилийн турш яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын ажил Байгаль нуурын урсгалыг хумих, олон ЗГ-ын нүүр үзсэн зэрэг шалтгаанаар гацаад буй.

Эцэст нь… Монгол, Оросын стратегийн түншлэлийг дүгнэвэл Монголоос Орос руу хийж буй экспорт нийт худалдааны 4%, Оросоос Монгол руу хийж буй хөрөнгө оруулалт 1%-д ч хүрдэггүй, хамтарсан цөөн мега төсөл нь яваад байна уу, зогсоод байна уу гэдэг нь мэдэгддэггүй, нэг иймэрхүү л байна даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ