АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Инфлүнсэрүүд сонгуульд хэр нөлөөлдөг вэ?

 

Бөмбөрцөгийн сонгууль гэх тодотголтой 2024 оны сонгуулийн жилийн дийлэнх сонгуулиуд ид дундаа өрнөж, эхнээсээ хариу нь гарч уйлах нь уйлж, дуулах нь дуулж байна. Тэгвэл тэдгээр сонгуульд инфлүнсэрүүдийн нөлөө хэр байв? 

Дэмжинэ би!

Саяхан болж өнгөрсөн Энэтхэгийн Лок Сабхагийн сонгуулийн үр дүнд Нарендра Моди 3 дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллах нь тодорхой болоод буй. Түүний сонгуулийн ажилд л гэхэд YouTube дээр 7.3 сая захиалагчтай YouTuber BeerBiceps, 3.3 сая захиалагчтай Curly Tales-с эхлээд улсдаа ТОП л гэгдэх инфлүнсэрүүд оролцсон юм. Хамгийн сонирхолтой нь Энэтхэгийн ЗГ-аас өнгөрсөн 3-р сард анх удаа улсынхаа шилдэг контент бүтээгчдийг алдаршуулан шагнасан бөгөөд шагнуулсан инфлүнсэрүүдийн 60% нь Наренда Модигийн  Бхаратия Жаната намыг дэмжиж явсан гэдэг

Судалгаа: Үргэлжлүүлээд нэгэн сонирхолтой судалгааг хуваалцахад,TechGlobal Institute-с 2023 оны 2-р сараас эхлээд өнгөрсөн 2 сарын 29 хүртэл Энэтхэг, Филиппин, Кени тэргүүтэй 5 улсын том, жижиг 46 инфлүнсэрийн 1,121 гаруй контентын хандалтыг судалсан аж. Үр дүнд нь тэдгээр инфлүнсэрийн улс төрийн холбогдолтой контент нь бусад контентынхоос 50% гаруй илүү үзэлттэй байжээ

Хмм: Гэхдээ бот гэж нэг аймар зүйл байдаг болохоор хүмүүс инфлүнсэрүүдийг яг улс төр ярихаар л илүү үзээд байна гэж бодох нь учир дутагдалтай мэт.

Цаашлаад, Жо Байден, Дональд Трамп ч залуу сонгогчдод аятайхан харагдах гээд фронтын шугам дээр инфлүнсэрүүдийг дайчилж буй

А.К.А үзэл бодлоо илэрхийлэх арга

Үргэлжлүүлээд УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ үед энд, тэнд үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй инфлүнсэрүүд ч эхнээсээ гарч ирж байгаа. Товчхондоо дагадаг шүтдэг хүмүүсийн маань ихэнх нь сонгуулийн сурталчилгаанд оролцоод эхэллээ. Харин бидэнд ямар хүч байна вэ гэвэл сонгуулийн сурталчилгааны үлдсэн 15 хоногт хаанаас, хэний, ямар агуулгатай мэдээлэл, контент гарч байгаад шүүмжлэлтэй хандаж, өөрийн саруул ухаанаар шүүн тунгааж сонголтоо хийх юм. 

Эцэст нь… Ганц Монголд л инфлүнсэрүүд нь сонгуультай хутгалдаад байгаа юу гэвэл үгүй. Гол ялгаа нь сонгогчид инфлүнсэрүүдэд хөтлүүлээд сонголтоо хийж байна уу, үгүй юу гэдэгт оршино. Тэгэхээр өөрийн үнэ цэнтэй саналаа хэнд өгөхөө өнгөрсөн хугацаанд юу хийсэн хүн болох, ирээдүйд юу хийх, улс төрийн ямар үзэлтэй зэргээр одоо л ясыг нь цайтал шүүмжлэлтэй хандах цаг даа. Ай, зарим нэр дэвшигчид маань ч баруун, зүүн зүг гэж мэдэхээс ҮЗЭЛ гэж ялгаж мэдэхгүй хүмүүс байгаа шүү дээ. 🥲

ШУУД ДАМЖУУЛАЛТ