Өнгөрсөн 7 хоногт Монполимет группийн үүсгэн байгуулагч болон Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалттай нь холбогдуулан тус группийн дансыг хаасан хэрэг явдал болсон. Тус хэрэг явдлаас сэдэвлээд гаднын орнуудад эрх баригч байгууллагаас компанийн дансыг хаасан хэргүүдийг сонирхъё.
Кейс #1
Оросын нефтийн томоохон үйлдвэрлэгч Sibneft 2003 онд татвараас зайлсхийсэн, санхүүгийн зөрчил гаргасан гэх хэрэгт холбогдсоноор мөрдөн байцаалтын явцад тэдний банкны дансыг царцаан, эд хөрөнгийг нь хурааж байсан. Тус хэрэг яван явсаар компанийг төрийн өмчит Gazprom худалдаж авсан байдаг. Сонирхуулахад, тухайн үедээ уг хэргийг Sibneft-г төрийн мэдэлд авах гэсэн явуулга ч гэх яриа гарч байв.
Кейс #2
Өөр нэгэн хэрэг бол 2017 онд Samsung (005930.KS)-н Дэд захирал асан Жэй И Лиг улс төрийн дэмжлэг үзүүлсэн, хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутган саатуулж байв. Тэрбээр шүүхийн анхны тогтоолоор 5 жил хоригдох ял сонсож шоронд хүртэл хоригдож байсан ч дараа нь давж заалдан анхны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож байсан юм. Мөрдөн байцаалтын болон шүүх хурлын явцад тус группийн үйл ажиллагаа доголдож, нэр хүнд нь шалаар нэг унан, санхүүгийн томоохон хохирол амсаж байсан бараан түүхтэй.
Сонгуулийн үеэр тохиосон хэргүүд: 2020 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байдены Украины байгалийн хийн компани болох Burisma Holdings-н ТУЗ дахь холбоо хамаарлаас нь болж асуудал үүсэж байсан юм. Гэснээс Хантер Байден энэ удаад ч ахиад л сонгуулийн өмнөхөн 2 хэрэгт холбогдож шүүхийн асуудалтай явж буй.
Үйл явдлын хураангуй
Монполимет группийн хувьд өнгөрсөн 5 сарын 31-нд холбоо хамаарал бүхий бүх компанийнх нь дансыг хааж, битүүмжилсэн. Улмаар тэдний 1 өдөрт төлдөг ₮70 саяын татвараас эхлээд 1,300 ажилчид болон тэдгээр хүмүүсийн ар гэр хэрхэх, 300-400 гаруй харилцагч байгууллагын үйл ажиллагаа доголдох, 1,000 гаруй ажлын байр алдагдах зэрэг асуудал ар араасаа цуварч буй.
Эцэст нь… Тус хэрэг сонгуулийн үеэр сөхөгдөж байгаа нь зүгээр ч нэг тохиолдол байгаагүй л болов уу. Сонгууль болоод өнгөрнө, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гэтэл энэ хугацаанд бүхэл бүтэн нэг группийн үйл ажиллагаа сонгуулийн драмад хутгалдаж, түр зогсох хэмжээнд хүрч байгаа нь туйлын харамсалтай л юм.