АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
УИХ-ын 2024 оны хаврын чуулганы тойм

 

Зээ, сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж УИХ-ын хаврын чуулган хаагдаад байна. Хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталжээ. Эндээс онцлох зүйл юу байв?

Том зургаараа юу хийв ээ?

Сонгууль эхлэхэд 20 хоног үлдэж одоогийн парламент шинэчлэгдэхэд тун ойртоод байна. Тэгвэл 8 дахь удаагийн буюу одоогийн парламент нь нийт 12 чуулган, хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, 2,200 хууль тогтоомж баталсан аж. Тэгвэл хаврын чуулганаар хэлэлцэгдсэн зүйлсээс онцолбол, 

Баялаг: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлав. Ингэснээр төрийн өмчийн оролцоотой ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй холбоотой орлогууд ямар санд, яаж хуваарилагдах нь тодорхой болоод буй. 

Том том төлөвлөгөө: Цаашлаад Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө болон Улаанбаатарын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслүүд батлагдсан. Нэмээд энэ хавар Шинэ Зуунмод дагуул хот болон метроны бүтээн байгуулалтын асуудал дээр нэлээн бужигналаа. 

Чухал нэмэлт хууль

Цаашлаад, өнгөрсөн Лхагва гаргийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлав. Өөрөөр хэлбэл, аливаа банкны 1 хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20%-иас дээш хувийг эзэмшихгүй байх заалтын хэрэгжих хугацаа 2023 оны 12 сарын 31 байсныг 2026 он болгож сунгасан хэрэг. 

Амьсгаа авах боломж: Банкнууд 1 хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20%-иас дээш хувийг эзэмшихгүй байх гэсэн заалтыг хангаагүй гэх үндэслэлээр нийт $1.3 тэрбумын зээлийн санхүүжилт эргэн татагдах магадлалтай байсан. Тэгвэл уг хууль батлагдсанаар банкнууд 2026 он хүртэл хувь эзэмшлээ өөрчлөх боломж бүрдэж байна. 

Эцэст нь… УИХ-ын 2024 оны хаврын чуулганы онцлох хэсгүүд нэг иймэрхүү байлаа. Гэснээс хаврын чуулган хаах өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөл хэсэгт бараг 10 секундэд 1 хууль баталлаа. Үзэхэд сонирхолтой л юм. 😅

ШУУД ДАМЖУУЛАЛТ