АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Nvidia-н зах зээлийн үнэлгээ $3 их наядад хүрч Apple-г ардаа орхилоо

 

Nvidia (NVDA)-н зах зээлийн үнэлгээ $3 их наядад хүрснээр Apple (AAPL)-г ардаа орхилоо. Улмаар тэд Америкийн хамгийн өндөр үнэлгээтэй 2 дахь компани болж Microsoft (MSFT)-н араас нэхэж буй. Гэснээс Nvidia-н энэхүү амжилтад юу нөлөөлөв? 

AI-н буян

Өдгөө хиймэл оюун (AI)-г ашиглаагүй салбар гэж бараг л үгүй. Тэгвэл AI-н гол тархи болсон чип үйлдвэрлэгчдийн нэг нь Nvidia. Тэд дата төвүүдэд нийлүүлдэг AI чип үйлдвэрлэлийн зах зээлийн 80% орчим хувийг эзэлж буй. Эргэн сануулахад, өнгөрсөн 5-р сард Nvidia I улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа хувьцааны ханш нь 24% өссөн билээ.    

Nvidia-н өсөлт 

Nvidia анх тоглоомын болон мэргэжлийн программуудад зориулсан график карт үйлдвэрлэн гарч ирээд зэх зээлд богино хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг. Харин 2016 онд AI-д зориулсан анхны чипээ үйлдвэрлэснээр энэ зах зээл рүү эргэлт буцалтгүй оржээ.  

AI-д суурилсан бизнес нь хурдацтай хөгжсөнөөр өнгөрсөн 5 жилийн хугацаанд хувьцааны ханш нь 3,290% өссөн байна. Сонирхуулахад, тус компани 5-р сард нэгж хувьцаагаа 10 хуваахаа зарлаад буй.  

Цаашилбал компани шинэ үеийн AI чипийн загваруудыг шаргуу танилцуулж байгаа. Тухайлбал, хамгийн хүчирхэг гэгдэж байсан Hopper H100 чипээсээ 5 дахин хурдан Blackwell-г өнгөрсөн 3-р сард танилцуулсан. Тэгвэл өнгөрсөн Ням гарагт Rubbin чипийн загварыг мөн танилцуулсан байна. Арай л хурдтай юу? 

ТОП-5

Гэснээс технологийн ТОП-5 компанийн зах зээлийн үнэлгээг авч үзвэл Microsoft $3.2 их наяд, Nvidia $3 их наяд, Apple $3 их наяд, Google (GOOG) $2 их наяд, Amazon (AMZN) $1.8 их наядын үнэлгээтэй явж буй. Харин Nvidia-н хойно үлдсэн Apple-н хувьцааны ханш он гарснаас хойш 5% л өссөн бол нийт борлуулалт нь өнгөрсөн жилийнхээс 4%, iPhone-н борлуулалт нь 10% буурчээ. 

Эцэст нь… Хамгийн хүчирхэг чипийг үйлдвэрлэдэг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Nvidia-н чипийн эрэлт цаашид ч улам бүр нэмэгдэх биз ээ. Тэгэхээр урдаа байгаа аваргыг давж аварга болох цаг ойрхон байна уу даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ