Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Эрчим хүчний салбарын эргэн тойронд

Эрчим хүч, дулаан хангамж, холбогдох нийтийн тээвэр зэрэгт 2040 он гэхэд нийт ₮110.7 их наяд шаардлагатай гэх урьдчилсан тооцоолол гарсан байна

Юунд зарцуулагдах билээ? 

Нийслэлийн хэмжээнд нийгмийн суурь хэрэгцээнд шаардлагатай нийтийн зориулалттай дэд бүтцийг бий болгоход эрчим хүч ₮6.6 их наяд, сэргээгдэх эрчим хүч ₮720 тэрбум, дулаан хангамж ₮1.4 их наяд зэргээр нийт ₮110.7 их наяд шаардлагатай аж. Харж байгаачлан тус дүн нь жил жилээр л өсөн нэмэгддэг улсын төсвөөс даруй 4 дахин их мөнгө. Тэгэхээр эдгээр бүтээн байгуулалтыг төр дангаараа хариуцаж хийнэ гэдэг угаас үлгэрийн далай. 

Тиймээс ч эдгээрийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхийн тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай болж байгаа. Үүнтэй холбоотойгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хэрэв тус хуулийн төсөл батлагдвал аймаг, нийслэл өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, бүс нутгийн хөгжлийг дэмжих мега төслүүдээ тодорхойлж, бие даан хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм. Гэхдээ!

Эрчим хүчний салбарын өвчлөл

Ямар ч л байсан 2040 он гэхэд энэ салбарт ₮110.7 их наядын санхүүжилт хэрэгтэй юм байна. Гол нь энэ салбарын асуудлыг шинээр хийгдэх бүтээн байгуулалтууд цэгцлээд, нөхөөд явах боломж бий билүү? Тус салбарын өр 2022 онд түүхэн дээд түвшин болох ₮2.1 их наядыг давсан төдийгүй ₮187 тэрбумын алдагдалтай ажилласан. Энэ нь үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ зах зээлийн үнээр нь бус 10% хямд борлуулсантай холбоотой. 

Өрөндөө баригдаж… Тэгэхээр эрчим хүчний үнийг чөлөөлж зах зээлийнх нь урсгалд тавихгүй л бол уг салбар цаашид ч алдагдалтай ажиллаж, хэдэн станцдаа шаардлагатай засвар үйлчилгээг хийж чадахгүй хэвээрээ л байна.

Эцэст нь… Эрчим хүчний салбар улс орны хөгжлийн тулгуур төдийгүй ард түмний ая тухтай амьдрах, хөгжих, бизнесээ эрхлэх боломжийг бий болгоход чухал үүрэгтэй буюу түрүүлж хөгжих шаардлагатай суурь салбар. Гэтэл манай эрчим хүчний салбар түрүүлж хөгжих нь битгий хэл хаа хойно үлдчихсэн байдаг…

ШУУД ДАМЖУУЛАЛТ