Meta (META) Facebook дээр Z үеийнхнийг татах шинэ төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Учир юу гэвэл Z үеийнхэн хөгшчүүд л Facebook хэрэглэдэг гэж боддог аж. Тэгэхээр энэ нөхдүүдийг яаж татах юм бол доо?
Just facts
Pew Research Center-н 2023 онд хийсэн судалгаагаар Америкийн 13-17 настнууд буюу өсвөр насныхны 1/3 нь л Facebook хэрэглэдэг гэжээ. Харин 2014 онд өсвөр настнуудын 71% нь Facebook хэрэглэдэг гэж хариулсан байдаг.
Харин Монголд: Иргэдийн 78.1% нь Facebook ашиглахын тулд интернэт ордог ажээ. Манайд ч 45-аас дээш насныхан Facebook-г идэвхтэй ашигладаг бол залуус трэндээ дагаад Instagram-г илүү ашиглах хандлагатай байна.
Ямар аргаар татна гэнэ?
Тэгвэл Meta дараах 2 чиглэлээр залуу үеийнхний сонирхлыг татахаар төлөвлөсөн гэнэ.
Feed-г илүү сонирхолтой болгоно: Тодруулбал, гэр бүл, найзуудынх нь постыг харуулахаас илүүтэй дуртай зүйлсийг нь голлон харуулах аж. Яг л Instagram-н горим шиг нэгнийгээ дагадаггүй, танихгүй хүмүүс, хэвлэн нийтлэгчдийн постуудыг илүү санал болгоно гэсэн үг. Анзаарвал таны Facebook-т танилуудын чинь постоос илүү шинэ хуудас, групп, хүмүүсийн мэдээлэл их харагдаж байгаа биз?
Олон сонголтоор бөмбөгдөнө: Facebook-р худалдан авалт хийх, болзоот хүнээ олох, төрөл бүрийн эвентийн мэдээллийг авах зэрэг сонголтуудыг илүү олгох гэнэ. Facebook-н Marketplace буюу онлайн худалдаанаас боломжийн үнэтэй буйдан сонгож, эвентүүдэд очин хөгжилдөж, сонирхол нэгт хүмүүсийн группт нэгдэж бас тэгээд Facebook-н болзооны апп-г ашиглаж болзоонд явсан шигээ бүрэн утгаар нь ашиглана гээд төсөөл дөө.
Анхаарууштай
Meta тус төлөвлөгөөгөө өсвөр үеийнхнээс илүү залууст чиглүүлж шууд бус замаар хэрэгжүүлэх аж. Учир нь Meta-н платформууд дээрх контентууд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн шүүмжлэлд өртөөд удаж буй. Мэдээж 3 тэрбум гаруй тогтмол хэрэглэгчтэй Facebook төлөвлөгөөгөө яаж хэрэгжүүлэхээ мэдэлгүй л яахав.
Эцэст нь… Instagram, YouTube, TikTok-т илүү татагддаг залуу үеийнхнийг онилсон тус төлөвлөгөө нь амжилт олох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Хэрэгцээнд нь тулгуурлан боловсруулсан төлөвлөгөө тул амжилт олохыг үгүйсгэхгүй л юм.