АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Raspberry Pi Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарна

 

Хямд өртөгтэй, халаасанд ч багтчих компьютер үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай Raspberry Pi Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарах гэж байна. Тэдний толгой компани нь буяны байгууллага гэж байгаа. 

Хэний хүү билээ? 

Raspberry Pi Foundation нь 2008 онд Их Британид боловсролын буяны байгууллага хэлбэрээр байгуулагдсан бөгөөд Raspberry Pi бол тус сангийн хямд өртөгтэй компьютер үйлдвэрлэгч охин компани юм. Хамгийн сонирхолтой нь Их Британид буяны байгууллагууд арилжааны үйл ажиллагаагаа явуулдаг охин компаниудтай байх нь түгээмэл үзэгдэл гэнэ.

IPO-н тухай: Компани хөрөнгийн зах зээл дээр $637 саяын үнэлгээтэйгээр гарч олон нийтээс $200 саяыг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа. Үргэлжлүүлээд санхүүгийн үзүүлэлтийг нь харвал Raspberry Pi өнгөрсөн онд $265.8 саяын орлоготой ажилласан бөгөөд $43.5 саяын цэвэр ашигтай ажилласан юм.

Гол нь чип: Хямд өртөгтэй компьютер сонирхогч, хөгжүүлэгчдийн дунд хөөрхөн алдартай тус компани чипийн бизнест ч хүч үздэг төдийгүй Arm (ARM), Sony (SONY)-той хамтран ажилладаг гэж байгаа. Гэснээс тэднийг IPO хийх сургаар Arm тус компанийн $35 сая, Lansdowne Partners $20 саяын үнийн дүн бүхий хувьцааг худалдан авахаар тохиролцоод буй. Одоогийн байдлаар Arm тус компанийн 3.3%-ийг, Lansdowne Partners 4.15%-ийг тус тус эзэмшдэг гэхээр хувь эзэмшил нь нэмэгдэх нь дээ.

D-Day: Компанийн анхдагч зах зээлийн арилжаа 6 сарын 11-нд эхлэх бөгөөд £2.6-£2.8-ээр арилжигдах төлөвтэй байна.

Лондонгийн хөрөнгийн биржийн аврал

Гэснээс Их Британийн хөрөнгийн бирж өнгөрсөн жил компаниудыг бүртгэх дүрмээ зөөлрүүлсэн бөгөөд энэ нь тус биржийн хувьд сүүлийн 40 гаруй жилд харагдаагүй шинэчлэлт болсон юм. Үүнээс өмнө компаниуд тус бирж дээр гарах гэж хэт төвөгтэй шат дамжлагыг туулдаг байсан төдийгүй 2008 оноос хойш Их Британи дахь хөрөнгийн биржид бүртгэлтэй болсон компаниудын тоо 40% буурсан байдаг. 

Дараагийн IPO: Тус шинэчлэлийн өгөөж эхнээсээ харагдаж Raspberry Pi-н араас Shein, Boots Лондонгийн биржид бүртгэлтэй болох талаар яриа яваад л байгаа.

Юутай ч Raspberry Pi-н IPO өнгөрсөн 2-р сард Лондонгийн бирж дээр Depositary Receipt буюу хадгаламжийн сертификат гаргасан Kazakhstan Air Astana-с хойших хамгийн том IPO болох төлөвтэй байгаа шүү. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

 

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулс

ШУУД ДАМЖУУЛАЛТ