
Ирэх сарын 1-нээс Монголын 435 мянган ахмад одоо авч буй тэтгэвэр дээрээ суурь тэтгэвэр нэртэй нэмэлт мөнгө авах нь. Үндсэн дүн ₮100 мянга, тогтмол дүн ₮40 мянга бөгөөд шимтгэл төлсөн жил бүрд ₮5 мянгыг нэмэхээр тогтоожээ. Нэмэгдлийн дээд хэмжээ ₮300 мянга байх аж.
🤔💰 Хэд болох юм бэ?
Сард ₮955 мянгын дундаж тэтгэвэр авдаг, 25 жил шимтгэл төлсөн ахмадын орлого ₮217,250-өөр нэмэгдэж, нийт тэтгэвэр нь ₮1.2 сая орчим болно. 22.7% өснө гэсэн үг. Суурь тэтгэвэр бага тэтгэвэртэй, олон жил шимтгэл төлсөн хүмүүст илүү ашигтай бөгөөд ахмадын амьжиргаанд дарамт болж буй үнийн өсөлтийг нөхөх зорилготой.
📌 Учир нь 2026 онд дундаж тэтгэвэр 9.6% нэмэгдсэн байхад жилийн инфляц 12.9%, хүнсний үнийн өсөлт 20.8%-д хүрсэн буюу тэтгэвэр нэмэгдсэн ч ахмадуудын худалдан авах чадвар буурчээ.
🥊 Асуудал, эрсдэл хаана байна вэ?
Асуудал зөвхөн тэтгэврийн хэмжээнд биш. Тэтгэврийн сан 2018 онд ₮65 тэрбумын ашигтай байсан бол 2025 онд ₮1.1 их наядын алдагдалтай болсон. Зарлага орлогоосоо хурдан өсөж, тэтгэвэр авагчдын тоо болон дундаж тэтгэвэр нэмэгдсэн нь санхүүгийн дарамтыг улам тэлж байгаа энэ үед суурь тэтгэврийн шийдвэрийн хүрээнд жилд ₮1.2 их наяд шаардлагатай болж байна.
⚒️ Дэнжгэнэсэн төсвийн орлого: Нэмээд энэ ирэх оны төсвийн орлогын өсөлтийг төрийн өмчит компаниудын орлого, Оюу толгойн ногдол ашигт түшиглэн тооцсон. Зэс, нүүрсний үнэ болон компанийн шийдвэрээс хамаарч хэлбэлздэг орлогоор сар бүр олгох тэтгэврийн тогтмол зардлыг санхүүжүүлэх нь учир дутагдалтай.
Хэцүүхэн… Тэтгэврийн нэмэгдэл ахмадын хэрэглээг дэмжих ч эрэлт өсөхийн хэрээр үнэ нэмэгдэх дарамт үүсэж, инфляц тэтгэврийн өсөлтийн үр ашгийг бууруулах магадлалтай. Нэмээд Тэтгэврийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарахгүй бол энэ оны эцэст ₮1.3 их наяд, ирэх онд ₮2.3 их наядаас ₮3 их наяд хүртэлх алдагдал хүлээх эрсдэлтэй байна.