АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Беларусын Ерөнхийлөгчийн айлчлалын эргэн тойронд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Беларусын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 6 сарын 1-4-ний хооронд төрийн айлчлал хийж буй. Уг айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал аж. Гэснээс айлчлалын эргэн тойронд юу болов? 

Анхны айлчлалаар

Айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд гарын үсэг зуржээ. Ингэснээр ЭЗ, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ нотолсон аж. Ер нь л эдгээр чиглэлд хамтарсаар ирсэн бус уу? 

Беларусь 2009-2022 оны хооронд боловсрол, шинжлэх ухааны салбарт нийт 35 төслийг ₮323.7 саяар санхүүжүүлжээ. Мөн экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх болон трактор, ХАА-н машин нийлүүлэх зэрэг төслийг нийт $27.1 саяар санхүүжүүлсэн байна

Эдийн засгийн агуулгаар баяжуулна 

2020 онд хоёр орны худалдааны эргэлт $49.6 сая болж түүхэн дээд хэмжээнд хүрч байсан бол 2023 онд $33 сая болж буурчээ. Монголын хувьд Беларусаас хүнсний бүтээгдэхүүн, ачааны автомашин, эд анги, техник түлхүү импортолдог аж. Сонирхуулахад, Беларусын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монгол, Беларусын бизнес форум зохион байгуулагдсан билээ

Нөгөөтээгүүр эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хоёр орны иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн багагүй нөлөөтэй. 2023 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсын хилээр Беларусын 5,836 иргэн нэвтэрсэн бол Беларусьт монголын 16 иргэн зорчсон аж. Одоогоор тус улсад Монголын 30 гаруй иргэн сурч, ажиллаж буй аж.

Тэгвэл энэ айлчлал юуг шийдэх вэ?   

Тус айлчлалын үеэр талууд 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны замын зураглал зэрэг 10 гаруй баримт бичгийг байгуулсан билээ. Тухайлбал, ХАА-н салбарт техник, тоног төхөөрөмжийн хамтарсан төв, үнээний хамтарсан ферм зэргийг байгуулах бол боловсролын салбарын хувьд Беларусын эрдэмтэд археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагаанд жанжин шугамуудаа бариад л явах нь. 

Эцэст нь… Беларусьт улс төрийн дарангуйллын асуудал яригдаж буй үед Монгол эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хөөрөө хийнэ гэдэг тоогүй хэрэг гэж Хүний эрхийн зарим байгууллага үзэж буй. Ямартай ч айлчлалын үр дүнд хэрэгжих ажлуудын үр дүнг хүлээх үлдлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ