
Системийн нөлөө бүхий томоохон банкнуудын дунд Төрийн банк ХК (SBM) цэвэр ашгийн өсөлтөөрөө тэргүүлж, энэ оныхоо төлөвлөгөөг аль хэдийн давуулан биелүүлжээ. Ингээд тэдний III улирлын тайланг ухаж харъя.
🏧 Ашгийн хөдөлгүүр: Зээл ба үр ашиг
Moody’s агентлаг Төрийн банкны B1 зээлжих зэрэглэл, тогтвортой төлөвийг хэвээр баталгаажуулсан билээ. Тайлангийн хувьд, тус банкны цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 78.7% өсөж ₮102.7 тэрбумд хүрснээр 2025 оны бүтэн жилийн ашгаа аль хэдийн даваад байгаа нь энэ. Үүний гол хөдөлгүүр нь зээл байлаа. Тодруулбал, цэвэр зээлийн багц жилийн дотор 19.7% тэлж ₮4.4 их наядад хүрсэн бол зээлийн хүүгийн орлого 27.4% нэмэгдэв.
📌 Үүний дүнд цэвэр хүүгийн орлого 29.4% өсөж ₮273.1 тэрбум болсон ч үйл ажиллагааны зардал ердөө 4.5% нэмэгджээ. Нэмээд өмнөх оны мөн үед эрсдэлийн сангийн зардал гаргаагүй байсан бол энэ удаа ₮11.1 тэрбум зарцуулсан ч ашгийн өсөлтөд төдийлөн нөлөөлөөгүй байна.
📈 Хөрөнгийн өсөлт: Нийт хөрөнгийн хувьд жилийн дотор 10.8% нэмэгдэж ₮7.6 их наядад хүрсэн бөгөөд үнэт цаасны хөрөнгө оруулалт ₮488.7 тэрбумаас ₮965.2 тэрбум болж бараг 2 дахин өсжээ. Муу зээлийн нийт зээлд эзлэх хувь 4.3%-иас 3.4% болж буурсан нь хөрөнгийн чанар сайжирсныг харуулна.
🪄 Анхаарах сорилт: Тайланд байгаа 1 нюанс нь санхүүжилтийн бүтэц. Харилцах дансны үлдэгдэл 26% өссөн ч хадгаламж 2.3% буурсан аж. Улмаар банк энэ зөрүүг бондоор нөхсөн тул үнэт цаасны хүүгийн зардал нь ₮14 тэрбумаас ₮77.1 тэрбум болж 5.5 дахин нэмэгджээ.
💸 Үнэлгээ: Өссөн ч хямд хэвээр
Тус банкны хувьцааны үнэ сүүлийн үед өсөж, өчигдрийн байдлаар ₮590-т хүрч сүүлийн 1 жилийнхээ дээд амжилтыг тогтоогоод байна. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь ₮441.3 тэрбумд хүрээд буй. $SBM хувьцааны үнэ хэдий өссөн ч өөрийн хөрөнгийн дансны үнээсээ хямд хэвээр байгаа. Тодруулбал, зах зээлийн үнэлгээ нь өөрийн хөрөнгийнхөө ердөө 52%-иар үнэлэгдэж байгаа бөгөөд P/B харьцаа 0.6 орчим байсаар байна.