
Монголд байгаа 100% цахилгаан автомашин (EV)-ыг 8 компани албан ёсоор борлуулж байна. Тэдний вэбсайт дахь мэдээллээр нийт 10 брэндийн 25 загварыг санал болгож байгаа аж. Монголын EV зах зээлд өнөөдөр ямар дүр төрх бүрэлдэж байгааг тоймлон хүргэе.
🔺 Өсөлт: Монголын цахилгаан автомашины зах зээл одоогоор хэмжээний хувьд жижиг хэвээр байгаа ч өсөлт нь тогтвортой үргэлжилж байна. Тухайлбал, энэ оны эхний 8 сард 365 цэвэр EV импортлогдсон нь 2025 оны бүтэн жилийнхээс аль хэдийн давсан үзүүлэлт болоод байна.
🇨🇳🇩🇪 Брэндээрээ Хятад, загвараараа Герман
Одоо зах зээл дээр байгаа 10 брэндийн 7 нь Хятадынх боловч загварын сонголтоор Герман брэндүүд түүчээлжээ. BMW, Mercedes-Benz 2 л гэхэд нийт 25 загварын 10-ыг нь бүрдүүлж байгаа юм. Ганц брэндээр хамгийн олон EV загвартай нь BMW бөгөөд iX1-ээс эхлээд i7 хүртэл нийт 7 загварыг зах зээлд санал болгож буй.
🥊 BYD-н 2 нийлүүлэгч
Одоогоор дэлхийн EV зах зээлийн манлайлагч BYD брэнд Монголд 2 албан ёсны дистрибьютертэй байна. МСМ Групп Han EV болон Tang EV загварыг борлуулдаг бол Сайн Моторс Atto 3 загварыг зардаг. Ингэснээр нэг брэнд дотроо болон дилерүүдийн дунд эрүүл өрсөлдөөн үүсээд байна.
💰 Үнийн шат ₮90-₮385 сая: Нээлттэй үнийн мэдээллээр хамгийн хямд нь Neta GT загвар байгаа бол дунд хэсэгт Kia EV5, хамгийн үнэтэй дээд хэсэгт Mercedes EQE SUV бичигдэв.
🍻 Олон төрлийн EV
EMC, Оч Моторс, Сайн Моторсын шоурүүмд цэвэр EV-н хажууд EREV болон PHEV загварууд илүү олон. Цэнэглэгчийн дэд бүтэц хомс, өвөл нь хатуу манай орны нөхцөлд борлуулагчид 2 эх үүсвэртэй автомашиныг нийлүүлж байгаа нь энэ.
Эцэст нь... Монголын EV зах зээлийн премиум сегментийг Герман, массын сегментийг Хятадын брэндүүд эзэлж, саарал импортоос албан ёсны шоурүүм рүү шилжилт эхэлжээ. Дараагийн өрсөлдөөн үнэ болон цэнэглэх дэд бүтэц дээр өрнөх төлөвтэй байна даа.