
Өнгөрсөн 9-р сараас эхлэн Монголд баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол эрс нэмэгдэж, асуудал хурцадлаа. Манайхаас гадна Орос, Америк, Японд баавгайн асуудал хэзээ хэзээнийхээс илүү нэмэгдэж, толгой өвтгөсөн сэдэв болж байна. Тэгвэл юун баавгай хаанаас гараад ирснийг тоогоор хараад үзэх үү дээ.
👀 Хоол хайх хөдөлгөөн
Баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол манай улсад хааяахан тохиолддог ховор үзэгдэл байсан. Гэвч энэ хавраас баавгай ичээнээсээ гарсан цагаас эхлэн мэр сэр айлын хот руу ойртох асуудал гарч, 9-р сард бараг л оргилдоо хүрлээ. Тухайлбал, он гарснаас хойш 997 удаа баавгай суурьшлын бүс рүү орсны 14 нь нийслэлд бүртгэгдээд буй.
🔎 Шалтгаан: Уг асуудлыг хоол тэжээлийн буюу самрын хомсдол, Сибирийн баавгайн нүүдэл зэрэг олон шалтгаантай холбон тайлбарлаж байгаа. Гэвч 1986 оноос хойш бид баавгайн тоо толгой тухайн үеийн 550-иас хэр өссөнийг ч мэдэхгүй буюу уг асуудлыг тоож, дорвитой шийдэл гаргалгүй явж ирсэн.
➕ Дайны нөлөө: Орост баавгайн тоо толгой 1990 оноос 2.3 дахин өсөж 308 мянга болж, түүхэн өндөр түвшинд хүрсэн. Түүнчлэн дайны нөхцөлөөс үүдэж баавгай агнах нь үнэтэй, ашиггүй болсон тул анчид ч ангаа багасгаад буй. Харин энэ 10-р сараас баавгай хүн рүү халдсан тохиолдол ихсэж байгаа тул буцаагаад эрчимтэй агнаж эхэлжээ.
☠️ Онцгой хүнд жил
Ер нь л дэлхий даяар баавгай ихтэй Япон, Орос, Америк тэргүүтэй орнуудад тоо толгой нь тогтвортой өсөж, 2026 онд түүхэн дээд түвшинд хүрэхээр байгаа. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгалийн хоол тэжээлийн хомсдол үүсэхээс эхлээд байгаль руу тэлсэн хүний үйл ажиллагаа ч нэрмээс болж буй.
Эцэст нь…. Ирэх жилүүдэд ч Орос баавгайн тоо толгойгоо хяналтгүй үлдээвэл Сибириэс манай нутаг дэвсгэр рүү орж ирэх нь улам нэмэгдэх бодит эрсдэлтэй. Гол нь мань мэт уг асуудлыг бодитоор шийдэж, бэлэн байдлаа хангахгүй бол ирэх жил ахиад л унтуулах буу, торны асуудалтайгаа зууралдаад сууж байх вий.