
Дэлхий даяар эдийн засаг, геополитикийн тогтворгүй нөхцөл байдал улам л бүрхэг болж буй хэцүүхэн жилүүдэд Z үеийнхнээс эхлээд ирээдүйгээ тарот уншлагаар таамаглах оролдлого нэмэгдэх болов.
✨ Мэргэ, төөргийн зах зээл
Тухайлбал, өнгөрсөн онд Америкийн 18-49 насны эмэгтэйчүүдийн бараг л тал нь буюу 46% нь жилдээ дор хаяж 1 удаа зурхай, тарот уншлагын үйлчилгээ авах болжээ. Улмаар мэргэ, төөргийн уншлага, үйлчилгээ үзүүлж буй салбарын орлого сүүлийн 5 жил тутамд дунджаар 5.5% өсөж 2025 онд $2.3 тэрбумд хүрсэн байна.
🔎 Сонирхолтой: Хэдий цахим ертөнцөд ирээдүйг таамаглах, мэргэ төөрөг, тарот уншлагын үнэгүй, ерөнхийлсөн уншлага мянга мянгаараа байгаа ч хувьчилсан зурхай, тарот уншлага авахын тулд мөнгө төлөх хандлага нэмэгдэж байгаа аж.
🤑 Тэр байтугай энэхүү зах зээлийн эрэлтийг овжин ашиглаж, цаана чинь хүмүүсийн тодорхойгүй ирээдүйг бага ч болов тодорхой болгох хүслийг бизнес болгож буй платформууд ч эрчийг авч байна.
☝️ Далдын хүч
Үүний нэгээхэн жишээ бол Америкийн хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарын томоохон тоглогч Robinhood (HOOD)-д ажиллаж байсан Брук Бекофф өнгөрсөн 9-р сард зурхай, тарот, энергийн засал тэргүүтэй үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн Divina хэмээх платформыг зах зээлд танилцуулжээ. Улмаар ердөө эхний сардаа тус платформд 100 гаруй хэрэглэгч, 200 гаруй зурхай, тарот уншлагын мэргэжилтнүүд бүртгүүлж, нийт захиалгын тоо $1,000-ыг давсан сурагтай.
👀 Хамгийн эрэлттэй сэдэв: Divina-д бүртгүүлсэн хэрэглэгчид ихэвчлэн хайр дурлал, карьер, мөнгө санхүү, жирэмслэлтийн тухай асуудаг төдийгүй үйлчилгээ үзүүлж буй хүмүүс нь өөрсдөө үнээ тогтоож, тус платформ захиалга бүрээс нь 10%-ийн шимтгэл авдаг гэнэ.
🤔 Харин Монголд
Сүүлийн үед Монголд ч тарот уншлага, зурхайн чиглэлд контент бүтээгчид олширч, чамгүй үзэгч, сонирхогчтой болж буй нь анзаарагдах болсон. Судлаад үзтэл, тарот уншлага хийдэг 10 гаруй идэвхтэй сошиал хаяг байдаг төдийгүй YouTube дээрх хамгийн олон дагагчтай суваг нь 121 мянган дагагчтай байдаг юм байна.
Эцэст нь… Harris Poll-н судалгаагаар Z үеийнхний 57% нь далд ертөнц, ид шид, “manifestion”-р дамжуулан ирээдүйгээ хянаж байгаа мэт мэдэрдэг гэж хариулсан байна. Ай, тэгээд хүн гэх оршихуйн тодорхойгүй нөхцөл байдлыг хүлцдэггүй чанар хүртэл $2.3 тэрбумын орлоготой салбарыг бий болгож байна гэхээр сонирхолтой шүү.