Өнгөрсөн Лхагва болон Пүрэв гарагт Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсгол болж өндөрлөлөө. За сонсголын тойм руугаа орцгооё.
Хамгийн хамгийн
1997 оноос хойш Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын 14,299, ашиглалтын 2,518 тусгай зөвшөөрлийг олгоод буй. Үүнтэй холбоотойгоор хэн, хаана, хэр их тусгай зөвшөөрөлтэй байгааг зарласан бөгөөд тус жагсаалтыг Монгол Алт ХХК нийт 40 лицензтэй тэргүүлж араас нь Монголросцветмент ТӨҮГ 26, Эрдэнэс Монгол ХХК 22 лицензтэй байгааг танилцуулсан юм.
Ашиглалт vs Хайгуул: Ингэхдээ хамгийн их ашиглалтын лицензтэй компаниудад МАК ХХК-ийнх 19, Гацуурт ХХК-ийнх 15, Бүрдэл Майнинг ХХК-ийнх 13 байсан бол хайгуулын хамгийн их ашиглалтын лицензтэй компаниудад Цайна инвестмент монголиа ХХК 12, Говькараван ХХК 9, Ланд-Оре ХХК 8 лиценз эзэмшиж буйгаараа толгой цохиж байв.
Гайхаш: Тус сонсголыг сонсож суухад ажиглагдсан нэг зүйл бол уулын цаана уул гэдэг шиг компанийн цаана компани буюу өөр компаниар дамжуулан лиценз эзэмшдэг, 10 жилийн түүхэндээ нэрээ 3, 4 сольсон кейсүүд харагдав.
Хачирхалтай нь хамгийн их лиценз эзэмшиж буй ТОП-10 компанийн 5 нь өөрийн гэсэн вэбсайтгүй байгаа явдал. Өөрөөр хэлбэл тэдгээр компанийн үйл ажиллагаа, юу хийдгийг нь мөрдөгч шиг ухаж төнхөхгүй л бол тэдгээр компанийн талаар мэдэх боломжгүй мэт.
Тусгай зөвшөөрлийн давхардал
Үргэлжлүүлээд аймгийн Засаг дарга нарын өөр төрлийн илрэлтэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон асуудал хөндөгдсөн. Улмаар Дундговь аймагт л гэхэд хамгийн олон буюу 31 түгээмэл тархацтай талбайд олборлолт хийх зөвшөөрлийг ашиглалтын А лицензтэй давхцуулж олгосон нь илрэв. Ийн зах замбараагүй зөвшөөрөл олгож буй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай холбоотой бөгөөд тус хуулийг шинэчилж давхардлыг арилгахгүй бол ийм асуудлууд гарсаар л байх аж.
Эцэст нь…Сонгуулийн жил гэсэн шиг он гарснаас хойш 5 сарын дотор нүүрсний, ногоон автобусны, эмийн, одоо ашигт малтмалын лицензийн гээд сонсголуудыг ч угсруулаад хийж өглөө. Тухайн үедээ бүгд л пүү, паа гээд өнгөрдөг ч эдгээр сонсголын араас шийдэгдсэн асуудал хэр их билээ? Энэ удаад ч нүддэг хэдийгээ нүдээд л өнгөрөх шиг.
Сонирхуулахад, тус сонсголыг даргалсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шалгах асуудал өргөн байсан ч тус асуудлууд дээр шинжээчдийн ажиллах хугацаа харьцангуй богино байсан хэмээсэн. Нэг талдаа сонсгол хийж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгож байгаа нь сайхан ч яг үр дүнтэй байсан уу, эсвэл ёс болгож хийгээд байна уу гэдэг нь сонин…