
Сүүлийн өдрүүдэд Монгол Улстай холбоотой хэд хэдэн томоохон зээлийн санхүүжилтийн шийдвэр дараалан гарлаа. Анхаарал татаж буй нь Японы ЗГ-аас Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд олгох хөнгөлөлттэй зээл юм. Одоогийн ханшаар энэ нь ойролцоогоор $1 тэрбумтай тэнцэх нь.
🧣 Үүн дээр нэмээд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны төсвийн дэмжлэг болон болзошгүй санхүүжилтийн шугам, гамшгийн эрсдэлийг бууруулах зээл зэрэг хэд хэдэн шийдвэр давхар гараад байна.
🎃 $1 тэрбумын зээл ганцаараа
Японы талын ¥158.3 тэрбумын зээл нь дээрх санхүүжилтүүдээс хэмжээгээрээ хамгийн том нь. Зээлийг нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг өргөтгөхөд ашиглах бөгөөд жилийн 1.1%-ийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс эхний 10 жилд чөлөөлөгдөх нөхцөлтэй байна.
📌 Өөрөөр хэлбэл, сүүлийн өдрүүдэд яригдсан $1 тэрбум орчим дүнгийн гол хэсэг нь бусад зээлийн нийлбэр биш, зөвхөн энэ нэг төслийн санхүүжилт юм.
✚ Нэмэгдлүүд
Үүний зэрэгцээ АХБ Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэх $200 саяын санхүүжилт, мөн шаардлагатай үед ашиглах боломжтой $250 сая хүртэлх болзошгүй санхүүжилтийн шугамыг багтаасан шийдлүүдийг урагшлуулсан. Гэхдээ эдгээрийг бүгдийг нь Монгол Улс шууд $450 саяыг зээлчихлээ гэж ойлгож болохгүй. Ялангуяа $250 саяын хувьд бодит нөхцөл үүссэн үед ашиглах боломжтой санхүүжилтийн эх үүсвэр тул бүрэн дүнгээрээ шууд өр нэмэгдэж байна гэсэн үг биш.
⚠️ Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр АХБ-ны $100 саяын зээл тусдаа яригдаж байгаа. Энэ санхүүжилт нь гамшгийн бэлэн байдал, онцгой байдлын байгууллагын чадавх, орон нутгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд чиглэнэ.
🤔 Өр нэмэгдэх үү, хөрөнгө оруулалт болох уу?
Эдгээр зээлийн санхүүжилтийг зөвхөн “Монгол Улс хэдэн тэрбумын зээл авсан бэ?” гэж харахаас илүү ямар нөхцөлтэй санхүүжилт вэ, хэдийд бодитоор олгогдох вэ, ямар өгөөж бий болгох вэ, цаашид төсөвт ямар өрийн дарамт үүсгэх вэ гэдгээр нь үнэлэх шаардлагатай байна даа.