
2008 оноос хойш манай улс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн (ХХААХҮ) салбарт 30 гаруй үндэсний хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүнийгээ дэмжихийн тулд төрөөс урамшуулал болгон ₮538 тэрбум, дэмжлэг хэлбэрээр ₮1.1 их наяд, хөнгөлөлттэй зээл болгон ₮4.4 их наядыг зарцуулж. Чамгүй их мөнгө. Харин үр дүн нь?
🗞️ Өчигдрөөс эхлэн УИХ-ын ерөнхий хяналтын сонсголоор ХХААХҮ-ийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, ЗГ-аас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаасын хэрэгжилтийг хэлэлцэж эхэлсэн. Өнөөдөр буюу сүүлийн өдөр "Цагаан алт" хөтөлбөрийн хэрэгжилт, зээл олголтыг хэлэлцэнэ.
Ундраад л, урсаад л байдаг төсөв
Өнгөрсөн 18 жилд бид хүнс, ХАА-н салбарыг өндийлгөж, дотоодын хэрэгцээгээ хангах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлох зорилгоор бараг ₮6 их наядыг зарцуулсан хэр нь тус салбарын бүтээмж нь улсын дунджаас 2 дахин буурах нь тэр. ₮4.4 их наядын хөнгөлөлттэй зээлээс гадна ₮603 тэрбумыг зөвхөн зээлийн хүүгийн татаасанд зарцуулсан гэж байгаа.
😵💫 Но-той, ноцтой: Зээлийн эргэн төлөлт
Хамгийн ноцтой асуудал нь зээлийн эргэн төлөлт. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2009 оноос хойш ₮267.2 тэрбумын зээл олгосны ₮2 тутмын ₮1 нь авлага болж үлдсэн. 2025 оны эцсийн байдлаар ₮195.5 тэрбумын авлага бүртгэлтэй байгаагийн 51.4% нь хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлийн ангилалд шилжсэн байна.
👉🏻 Цаашлаад, сүүлийн 10 жилийн аудитаар нийт ₮484.4 тэрбумын зөрчил илэрсэн төдийгүй Хөдөө аж ахуйн корпорац дээр байдал бүр ч хүнд буюу авлагын зөрчил ₮627.2 тэрбум, дамжуулан зээлийн эргэн төлөлтийн хүндрэл ₮359.7 тэрбумд үрсэн байгаа юм.
Эцэст нь… Өнөөдөр "Цагаан алт" хөтөлбөрийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Өчигдрийн сонсголоор бодлогын чиглэл зөв байсан ч зээлийн эргэн төлөлт, хяналт сул байгаагаас төрийн бодлого нэн шаардлагатай малчид, тариаланчдад хүрэхгүй байгааг ихээхэн шүүмжилсэн. Сан тойрсон асуудлуудыг цэгцлэхгүй бол том, том тоо ярьж, нэгээс нөгөө рүү үсрэхээс цаашгүй, хариуцлага тооцох механизм байхгүй байгаа нь харамсалтай.