
Дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ Walmart (WMT) ноолуурын зах зээлд хүчтэй түрэн орж ирлээ. Ингэхдээ “Монгол ноолуур” гэсэн нэрийг ашиглаж байгаа ч үнэн хэрэгтээ Өвөр Монголын ноолуур аж.
🛒 Тансаг хэрэглээг "супермаркет"-ын үнээр
Walmart-н өөрийнх нь брэнд Free Assembly-н эмэгтэй ноолууран цамц ердөө $45, эрэгтэй хувилбар нь $58-оор зарагдаж байгаа бөгөөд худалдан авагчдыг шууруулж байгаа бололтой.
🛍️💰 Хямд гэхдээ загварлаг: Тус брэндийн дизайныг Лэди Гагагийн стилист асан, алдарт дизайнер Брандон Максвелл удирдаж байгаа нь хямд атлаа загварлаг гэсэн байр суурийг илтгэж буй. Материалын хувьд эмэгтэй цамц нь 98%-ийн ноолуур, 2% спандекс орцтой бол эрэгтэй цамц нь 100%-ийн цэвэр ноолуур аж.
䷼🔍 Өвөр Монголын гарал үүсэл
Walmart энэ чиглэлд анхдагч биш юм. Quince брэнд хэдэн жилийн турш "Grade-A Монгол ноолуур"-аар хийсэн $50-ын цамцаар зах зээлд танигдсан бол Uniqlo ч хямд ноолуураараа алдартай. Уламжлалт дэлгүүрүүдэд ийм цамц $148 хүрдэг бол эдгээр брэндүүд нийлүүлэлтийн сүлжээгээ оновчилсноор үнийг 3 дахин хямдруулж чаджээ.
📌 Сонирхолтой нь, Walmart ноолуураа Өвөр Монголын малчдаас шууд бэлтгэдэг хэмээн зарлажээ. Бас болоогүй тэдний цамц байгаль орчинд ээлтэй хариуцлагатай үйлдвэрлэлийг баталгаажуулдаг The Good Cashmere Standard (GCS) гэрчилгээтэй гэж байгаа.
🤔 Боломж уу, эрсдэл үү?
Нэг талаас дэлхийн аварга сүлжээнүүд ноолуурыг өдөр тутмын хэрэглээ болгож, "Монгол" гэдэг нэр чанарын тэмдэг болон олон сая хэрэглэгчид хүрч байна. Нөгөө талаас $45-ын үнэ хэрэглэгчдийн хүлээлтийг бууруулж, гарал үүсэл нь бүрхэг бараа "Монгол ноолуур" нэрийг элэгдүүлэх эрсдэлтэй. Иймд манай үйлдвэрлэгчдийн хувьд үнээр бус, жинхэнэ гарал үүсэл, чанар, малчны түүхээ баталгаажуулж өрсөлдөх нь хамгийн зөв зам болох нь.