Morning! Өнөөдөр Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд MiningWeek & MinePro 2026 арга хэмжээ эхэлж байна. 4 өдөр үргэлжлэх тус арга хэмжээнд уул уурхайн салбарт оролцогч бүхий л талууд цуглаж төрөл бүрийн асуудлыг хөндөж хэлэлцэнэ шүү. Оролцохыг хүсвэл дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 🍋


UB: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд Улаанбаатар хот 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна.
MNG: Өчигдөр УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн боловч Ардчилсан намын бүлэг 3 өдрийн завсарлага авлаа.
MNG: ЗГ-ын Өмнөд Солонгосын Эксим банкны зээлээр барьж буй Солонго 1, 2 орон сууцны төслийн 1 м.кв үнэ ₮4.4 саяар борлуулах төлөвтэй байна.

🤔 Монголын гадаад паспорт хэр хүчтэй вэ?

Та мэдэх үү, монголчууд дэлхийн 199 орны ⅓ хүрэхгүй орнуудад чөлөөтэй буюу визгүй аль эсвэл хөнгөрүүлсэн нөхцөлөөр нэвтрэх боломжтой гэдгийг? Энэ удаад дэлхийн 199 орны гадаад паспортын чансааг тодорхойлдог Henley Passport Index гарсан байна. Танилцъя.
✔️ Харлахгүй гэдгээ батал, нотол!
Манай гадаад паспорт чансаагаараа дэлхийн 199 орноос 74-р байранд жагсдаг. Гол асуудал нь энэ үзүүлэлт хаа байсан 2006 оны үетэй ойролцоо буюу бид ердөө 64 орон руу л визгүй болон хөнгөрүүлсэн нөхцөлөөр зорчих боломжтой байгаа юм. Харин үлдсэн 162 орон руу аялахын тулд тэндээ харлаад үлдчихгүй гэдгээ батлах шаардлагатай.
🫸 Гол чиглэлүүд хаалттай
Визгүй болон хөнгөрүүлэх нөхцөлөөр нэвтрэх 64 улсыг чамлаж болохгүй ч эдгээр орнуудын дийлэнх нь Африк, Латин Америк, Номхон далайн арлын орнууд. Гэтэл нөгөө талд монголчуудын хамгийн их зорчдог Өмнөд Солонгос, Япон, Америк, Шенгенийн орнуудад одоог болтол монголчууд виз мэдүүлэх шаардлагатай хэвээр.
💪 Гадаад паспортын хүч: Ерөнхийдөө улс орны гадаад паспорт хүчтэй байна гэдэг тухайн улсыг бусад орнууд итгэж болохуйц баталгаатай улс гэж үзэж буйн илэрхийлэл. Виз шаарддаг гол шалтгаан нь ч тухайн орны иргэн хугацаа хэтрүүлэн үлдэх, хууль бусаар цагаачлах гэхчлэн бусад эрсдэлээс болгоомжилж буй хэрэг.
🧭 Бодит үр дүн: Угтаа сүүлийн 3 жилд монголын гадаад харилцаа өргөжиж байгаа ч гол чиглэл бүхий орнуудтай бодит итгэлцэл үүсгэж чадахгүй л байна.
🍀 Сингапур лугаа хөгжье гэвэл…
Хэрэв та мэдэх бол дэлхийн хамгийн хүчтэй паспорт бол Сингапурынх. 2026 оны байдлаар тус улсын иргэд нийт 227 чиглэлийн 192-т нь визгүй зорчих боломжтой гэдгээрээ 3 жил дараалан дэлхийн хамгийн хүчтэй паспортоор тодорсон. Үүний гол шалтгаан нь иргэдийн орлого буюу эдийн засгийн бодит өсөлт. Тус улс 2006 онд ердөө 8 оронд л визгүй зорчих боломжтой байсан буюу тухайн үед 1 иргэнд ногдох ДНБ $33,000 байв. Харин 2019 онд $65,600 болж тэргүүлж эхэлсэн.
🧮 Харин Монголд: 2006 онд 1 хүнд ногдох ДНБ $1,300 байсан бол 2019 онд $4,400 болж өссөн. Цаашлаад, өнгөрсөн онд уг өсөлт үргэлжилж $7,100 болоод буй.
Эцэст нь… Улс орнууд гадаад харилцаагаа өргөжүүлж, дор хаяхад иргэдийнхээ бусад улсад зорчих боломжийг тэлсээр. Үүний томоохон жишээ бол Казакстан. Тэдний гадаад паспортын хүч дэлхийд 57-рт эрэмбэлэгдэх болсон. Ердөө 2 жилийн дотор 13 байраар ахиад байгаа нь энэ шүү.

🔎 Монгол компаниуд AI-г хэрхэн ашигладаг вэ? (business.mn)
🎯 AI компаниудын шинэ зэвсэг бол инфлүнсэрүүд. (ramp)
🔮 Бидний ирээдүйг дата хэрхэн таамагладаг вэ? (InsightsPodcast)
🏅 Эмми 2026: Телевизийн салбарын оны шилдгүүд тодорлоо. (NPR)

👋🏻 $IBA: Bye алдагдал, Hi ашиг
IBA: Увс аймагт бүртгэлтэй Их барилга ХК-ийн борлуулалтын орлого энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 79.8% өсөж ₮2.5 тэрбумд хүрчээ. Ингэснээр компанийн ашигт ажиллагаа сайжирч, өмнөх оны ₮133.5 саяын алдагдал ₮104.2 саяын цэвэр ашиг болж өөрчлөгдсөн аж. Харин ерөнхий ба удирдлагын зардал 87.3% өсөж ₮425.6 сая, санхүүгийн зардал 117.7% нэмэгдэж ₮72.2 саяд хүрсэн байна. Нөгөөтээгүүр, сүүлийн нэг жилд $IBA-н ердөө 370 ширхэг хувьцаа ₮603.5 мянгаар арилжаалагджээ.

🏃 Цалин алхаж, мах гүйж байна

2024 оны эхээр дундаж цалинтай ажилтан сарын цалингаараа 100 кг үхрийн мах авч чаддаг байсан гэж төсөөлье. Өнөөдөр тэр хэмжээ 68 кг болж багассан. Шалтгаан нь энгийн: мах цалингаас хурдан өсөж байна.
💔 2 жилийн зөрүү
2024 оны I улирлаас хойш үхрийн цул махны үнэ кг тутамдаа 94.6% буюу бараг 2 дахин өссөн. Мөн хугацаанд дундаж цалин 32.5% өсөж ₮3 сая, голч цалин 45.7% өсөж ₮2.6 сая болжээ. Өөрөөр хэлбэл махны үнэ дундаж цалингаас бараг 3 дахин хурдан нэмэгдсэн хэрэг.
🪫 Хагас жилийн үсрэлт
Зөрүү жигд тэлээгүй. 2025 оны эцэст махны үнийн өсөлт цалингийнхтай бараг зэрэгцэж байлаа. Гэтэл 2026 оны эхний хагаст үнэ дахин 54% өсөж, цалин ердөө 6% нэмэгдсэн.
📌 Бодит цалин буурав: Нэмээд өнгөрсөн улиралд нэрлэсэн цалин ₮3 сая болж, өмнөх улирлаас 3.1% өссөн ч хэрэглээний үнийн индекс 5% нэмэгдсэнээр бодит цалингийн индекс 1.8% буурсан гэсэн үг. Татвар, шимтгэлийн дараа ажилтны гарт ₮2.4 сая л үлдэж буй.
🤕 Хэнд хамгийн хүнд тусч байна вэ?
Голч цалин дунджаас хурдан өссөн нь дунд түвшний цалин нэмэгдэж, ялгаа багасаж буйг илтгэнэ. Гэвч нийт ажиллагчдын 12.3% нь ₮792 мянга хүртэлх цалинтай хэвээр. Орлогынхоо илүү их хувийг хүнсэнд зарцуулдаг эдгээр өрхөд махны үнэ хамгийн хүчтэй тусна. Зочид буудал, нийтийн хоолны салбарын дундаж цалин ₮2 сая, уул уурхайнх ₮5.4 сая байгаа нь нэг кг махны үнийн өсөлтийн цохилт хүн бүрд өөрөөр тусаж буйг сануулна.
Эцэст нь… Цалин нэмэгдэж байгаа нь үнэн ч хүнс, барааны үнэ цалинг гүйцэж түрүүлээд хурдтай давхиж буй нь гунигт үнэн.

☁️ Сонсоно, цуглуулна, түгээнэУИХ дахь АН-ын бүлгээс ЗГ-ын үйл ажиллагаа, кабинетын зарчим болон төсвийн асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д яаралтай оруулахыг шаардаад байна. Лимонууд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? |
| Login or Subscribe to participate in polls. |


Bloomberg
🍋 Ирэх саруудад Apple (AAPL) AI болон шинэ бүтээгдэхүүний томоохон шинэчлэлүүдээ танилцуулна. Тэд энэ оны сүүлээс 2027 оны эхний хагаст 20 орчим шинэ бүтээгдэхүүн гаргахаар бэлдэж байгаа аж. Үүнд Siri AI-тай HomePod mini, Apple TV, ухаалаг гэрийн дэлгэц, OLED iPad mini зэрэг нь бүтээгдэхүүнээс гадна шинэ MacBook, iPad болон iPhone 18 цувралын шинэчлэлүүд багтжээ. Цаашлаад, ирэх жил A20 Pro чиптэй iPhone Air 2, A20 чиптэй iPhone 18 зэрэг шинэ загваруудаа гаргахаар төлөвлөсөн гэнэ.
🍋 Энержи Ресурс ХХК-ийн Монголын эдийн засагт оруулсан нэмүү өртөг 2009-2025 онд 67 дахин өсөж, ДНБ-д эзлэх жин нь 0.2%-иас 1%-д хүрчээ. MMCG-н судалгаагаар, компанийн эдийн засгийн үржүүлэгчийн нөлөө 2.1 байгаа нь ₮1 тэрбумын үйлдвэрлэл ханган нийлүүлэгчид болон орон нутгийн бизнест ₮2.1 тэрбумын нэмэлт үйлдвэрлэл бий болгож байгааг харуулжээ. Мөн нэг ажлын байр тутамд 4 ажлын байр нэмэгдэж, нийт 11.6 мянган ажлын байр бий болгосон байна.
🍋 Япон батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 3.5%-д хүргэхээр судалж эхэллээ. Энэ нь Америкаас холбоотнуудаа цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг шаардсантай холбоотой бөгөөд өмнө нь 1% орчим байсан тус үзүүлэлтийг Япон хэдийн 2% хүртэл өсгөөд байв. Энэхүү мэдээллийн дараа хөрөнгө оруулагчид тус улсын өрийн дарамт нэмэгдэнэ гэж үзсэнээр Японы бондын үнэ буурч, иений ханш ам.долларын эсрэг 0.3% суларч ¥154.8-д хүрчээ.
🍋 Монголбанк болон Сангийн яам ипотекийн зээлийн шинэ багц гаргана. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний 3 жилд 6%, дараагийн 7 жилд 12%-ийн хүүтэй зээл олгох аж. Хөтөлбөр нь шинэ барилга санхүүжүүлэх бус, ашиглалтад орсон болон орох гэж буй 22 мянга орчим орон сууцны эрэлтийг дэмжихэд чиглэх бөгөөд ирэх онд 16 мянган өрхийг хамруулахаар төлөвлөжээ. Мөн төрийн албан хаагч, эмч, багш зэрэг зорилтот бүлгийг түлхүү хамруулах гэнэ.