
Өмнөд Солонгост суралцах гадаадын иргэдийн тоо анх удаа 500 мянгыг давлаа.
🏄 К-давалгаа
Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр тус улсад суралцахаар ирсэн гадаад оюутны тоо өнгөрсөн жил анх удаа 505,410 болж 2021 оныхоос 6 дахин өсжээ. Задлан харвал, тухайн жил Өмнөд Солонгос нийт 18.9 сая гадаад зочин хүлээн авсны 2.7% нь суралцах, сургалтын зорилгоор тус улс руу зорчсон байна. Харин нийт гадаад оршин суугчдын 18% нь гадаад оюутан гэж байгаа.
🔎 Шалтгаан: K-поп, К-драмагаас эхэлсэн соёлын довтолгоо дэлхийг дайлаар мордож, гаднынхан зүгээр ч нэг тус улс руу богино хугацаанд аялаад буцах бус урт хугацаагаар суралцах гол шалтаг болж эхэлсэн нь энэ.
🌍 Аль улсын хүүхдүүд вэ?
Тус улсад суралцаж буй гадаад оюутнуудын хувьд Вьетнам Хятадыг гүйцэж 1-рт жагсах болсон буюу нийт оюутны 31.5%-ийг бүрдүүлэх болов. Уг 2 орны араас Узбекистан, Монгол, Непал, Мьянмар оюутнууд жагсаж байгаа бөгөөд нийт гадаад оюутнуудын 87% нь Азиуд. Сонирхуулахад, монгол оюутнууд бол тогтмол ТОП-5-д жагсдаг гэсэн шүү. Энэ оны 4-р сарын байдлаар 17,189 монгол оюутнууд тус улсад суралцаж байгаа аж. Энэ нь нийт гадаад оюутны 5.6% юм.
✔️ Үзэгдлийн цаадах бодлого
K-давалгаа гадаад оюутнуудын сонирхлыг татаж байгаа нь үнэн ч үүнийг бодитоор боломжтой болгож буй хөшүүрэг нь Өмнөд Солонгосын ЗГ-ын 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Study Korea 300K” гэх бодлого. Уг бодлогоор 2027 он гэхэд гаднын 300 мянга гаруй оюутныг татах зорилготой байсан ч зорилтоо 2 жилийн өмнө биелүүлээд байна.
📩 Цаашлаад, тус бодлогын ард их сургуульд элсэх насны солонгос залуусын тоо 2020 онд 460 мянга байсан бол 2040 он гэхэд 280 мянга болж, бараг 40%-иар буурах төсөөлөл нөлөөлж буй.
Эцэст нь… Тус улсын хүн амын дээд боловсрол эзэмшилт 74%-д хүрсэн буюу төрөлт буурах хандлага ажиглагдаж буй энэ үед их дээд сургуулиудад томоохон сорилт авчрах төлөвтэй байгаа. Ийм ч болохоор энэхүү сул орон зайг нөхөхийн тулд ирэх жилүүдэд ч гадаад оюутнуудыг татахаар визний хөнгөлөлт, тэтгэлгүүдээ таслахгүй үргэлжлүүлэх төлөвтэй байна даа.