АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монгол ШХАБ-ын дараагийн гишүүн болох уу?!

 

Өнгөрсөн 7 хоногт Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаан болж өнгөрсөн. Энэ үеэр Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Монголыг ШХАБ-д элсэх дараагийн гишүүн улс хэмээв. Юу болов?  

ШХАБ-ын тэмцэх 3 аюул

Хятад, Оросын тэргүүлж буй ШХАБ нь гишүүн 9 орны хамтаар Евро-Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, ингэхдээ 3 аюул буюу терроризм, салан тусгаарлал, хэт туйлшрах үйлдэлтэй хамтран тэмцэх зорилготой бүлэг юм. Өдгөө тус бүлгийн зорилго өргөжиж эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж буй. Харин Монголын тухайд тус бүлэгт ажиглагчийн байр сууриас хандсаар 20 дахь жилдээ орж байгаа. 

Манайх аа! Сергей Лавров Хятадтай хамт Монголыг ШХАБ-ын гишүүн болохыг дэмжиж буйгаа илэрхийлж, газар нутгийн хувьд ч Монгол ШХАБ-ын нөлөөллийн бүсэд багтаж буй хэмээсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 2 хөршөөс Монголыг тус бүлэг дэх гишүүнчлэлтэй болох асуудлыг дэмжихээ илэрхийлсээр ирсэн бөгөөд энэ удаад ч тэр л байр сууриа ахин илэрхийллээ.

Үе үеийн Ерөнхийлөгчдийн байр суурийг харвал түүхэн дэх 6 Ерөнхийлөгчөөс Ц.Элбэгдорж Монголын ШХАБ дахь байр суурь ажиглагчаас хэтрэхгүй хэмээж байсан ч уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж байсан бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус бүлэгт нэгдэн орох талаар судлах тухай ярьж байв. Харин бусад Ерөнхийлөгчид ажиглагчийн байр сууриас хандаж байсан. 

Боломж ба эрсдэл 

ШХАБ-ын чиглэж буй гол 3 зорилго яг үнэндээ Монголд асуудал болсон эсвэл тэмцэх хэмжээний цар хүрээтэй асуудал уу гэвэл үгүй буюу тус бүлэгт Монгол байр сууриа ахиулах хэрэгцээ тийм ч их биш. Сонирхуулахад, өнгөрсөн онд Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монголын ажиглагчийн статус ШХАБ-аас олгож буй боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байгааг онцолж байв

Юун боломж? Гэсэн ч Монгол 2 хөрштэйгөө аль хэдийн стратегийн түншлэлийн харилцаатай хэр нь л тэр хэмжээний стратегийн томоохон төсөл хэрэгжүүлж чаддаггүй байх жишээний…

Эцэст нь… Монгол барууны орнуудад Азид ардчиллыг бойжуулж, хадгалж буй орон гэдгээрээ сайшаагддаг. Гэтэл авторитар клуб гэгддэг ШХАБ-д нэгдэн орох нь манайх шиг жижиг орны хувьд тийм ч таатай сонголт биш учраас үе үеийн дипломатууд энэ асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй шүү хэмээн захисаар ирсэн. Нэмээд ШХАБ-ын гишүүн орнууд өөр хоорондоо ч хөгжүүлнэ гэж яриад байгаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа бодитоор хэрэгжүүлж чадахгүй Орос, Хятад руу налсан байхад Монголд ашиглах ямар боломж байгаа гэж бодож байна?  

ШУУД ДАМЖУУЛАЛТ