
Дэлхийн тансаг зэрэглэлийн брэнд Loro Piana Сүхбаатар аймагт 2025 оноос хэрэгжүүлж буй малчдыг дэмжих “Resilient Threads” хөтөлбөрөө өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
🤩 Loro Piana-н төгс түүхий эд
Өнгөрсөн Ням гарагт дэлхийн тансаг зэрэглэлийн эзэнт гүрэн LVMH (MC.PA)-н 3 дахь хүү, Loro Piana брэндийн CEO Фредерик Арноулт Монголд ирж, олны нүдийг орой дээр нь гаргасан. Тэрбээр COP17-г тохиолдуулан Монголд анх удаа айлчилж буй. Loro Piana брэнд 1997 оноос хойш Монголын ноолуур зах зээлд хөл тавьж, 1999 онд Улаанбаатар хотод Италиас гаднах цорын ганц үйлдвэрээ байгуулсан түүхтэй.
📃 COP17-н үеэр Фредерик Арноулт, өнгөрсөн оноос Сүхбаатар аймагт хэрэгжүүлж эхэлсэн малчдыг дэмжих “Resilient Threads” хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулсан юм.
🔎 Loro Piana уг хөтөлбөрөө Сүхбаатар аймгийн Дарьгана, Мөнххаан, Баяндэлгэр тэргүүтэй 5 суманд 2030 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд дан ганц ноолуурын тогтвортой нийлүүлэлтийг хангахын сацуу малчдын амьжиргаа, малын эрүүл мэнд, биологийн олон янз байдлыг хамгаалахаар зорьж буй. Үүнээс гадна цаашид бусад бүс нутагт ч уг хөтөлбөрөө хэрэгжүүлэх сонирхолтой байгаа аж.
🚞 Гэснээс Loro Piana хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнийхээ түүхий эдийн баталгаат байдлыг харуулах зорилгоор “Smart Bales” системээр Монголын ноолуурыг эх үүсвэрээс нь Италийн үйлдвэр хүртэл хянах технологийг нэвтрүүлжээ.
📍 Зөвхөн Монгол & Өвөр Монголоос л олох ноолуур
Сонирхуулахад, дэлхийд Loro Piana маш ховор, нарийн ширхэгтэй ноолуураараа алдартай. Гайхагдаад буй энэхүү ноолуурын түүхий эдийн гол эх сурвалж нь Монгол болон Өвөр Монгол. Учир нь Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон “Capra hircus” буюу ноолуурын чиглэлийн ямааны ноолуур дэлхийд ховорт тооцогдох зөөлөн, нарийн ширхэгтэй байдаг аж.
Эцэст нь… Loro Piana брэндийн Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй хөтөлбөр товчхондоо хүн, мал, байгаль орчны эрүүл мэндийг хамтад нь хамгаалах, дэмжих зорилготой хөтөлбөр гэнэ. Өдгөө тус брэндийн ноолууран цамц $1,800-$2,200 орчим, ноолууран пальто $7,000-$10,000 хавьцаа худалдаалагддаг. Зүгээр л хэлсэн юм. 😌