
Өнөөдөр Монголын крипто зах зээлд “Инфляцын хэлбэлзлээс хамгаалсан криптовалют” хэмээх сүржин уриатай гарч ирсэн IHC койны 5 жилийн ой тохиож байна. Ойн өдрийг тохиолдуулан мартагдсан хуудсыг сөхье.
Инфляцын хамгаалалт 🆚 Хөрөнгийн сүйрэл
Их Бит ХХК-ийн гаргасан Whitepaper-т IHC-г дефляцийн зарчимтай, улирал бүр буцаан худалдан авалт хийж, токен шатаан үнэ цэнийг хадгална гэж заасан. Гэтэл 2021 оны 10 сарын 8-нд түүхэн дээд үнэдээ хүрснээс хойш тасралтгүй унаж, 2024 оны 5-р сард доод үнээрээ шал арчсан. Инфляцаас хамгаалах бүү хэл хөрөнгө оруулагчдыг асар том алдагдалд оруулсан нь энэ.
🤏 Мөнгөөр хэмжигдэнэ: Өчигдрийн байдлаар л гэхэд түүхэн дээд үнэ болох ₮7.8-өөсөө 98.6% унаж ₮0.1 болсон буюу төгрөгөөр биш мөнгөөр хэмжигдэж буй. IHC-г хамгийн өндөр үнэтэй үед нь ₮1 саяар хөрөнгө оруулсан бол одоо ердөө ₮12,820-тэй үлдсэн гэсэн үг. $-оор бол 1IHC койн = $0.00003056.
📌🤐 4 жил өнгөрсөн ч шийдэгдээгүй хэрэг
Цаашлаад, IHC-н хэрэглэгчдэд зориулан койноо аюулгүй хадгалах, хоорондоо шууд солилцох, мөнгөө байршуулаад хүүгийн өгөөж авах боломжтой санхүүгийн экосистем байгуулна гэж байв. Гэвч нэг талаас хөгжүүлэлт ч хийгдээгүй нөгөө талаас 2022 оны 5 сарын 22-нд Их Бит ХХК-ийг мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн.
🌶️ Хэргийн халуун: Улмаар 2023 оны 2-р сард IHC-н үүсгэн байгуулагчдын нэг О.Мөнхжинг, араас нь 14 хоногийн дараа Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг холбогдох байгууллагаас 30 хоног хорих шийдвэр гаргасан. Сүүлийн хорих шийдвэрийн араас IHC-н үнэ 1 цагийн дотор 15.9% унаж байж.
⚠️ Тодорхойгүй: Мөн оны 3-р сард хэрэгт холбогдогсдыг сулласан ч одоог хүртэл холбогдох байгууллагаас Их Бит ХХК-ийг мөнгө угаасан эсэх талаар дорвитой мэдээлэл ч өгөөгүй, буруутгасан шийдвэр ч гаргаагүй байна.
Эцэст нь… IHC-н үнэ сүүлийн 3 жилд тасартлаа сэргээгүй ч өнгөрсөн онд л гэхэд түүхэн доод үнээс 208% өсөөд амжсан. Өөрөөр хэлбэл, энэ койн одоо ч идэвхтэй арилжигдсаар байгаа. Гэтэл эл койноор дамжуулж мөнгө угаасан эсвэл угаагаагүй нь мэдэгдэхгүй завсарт нь хөрөнгө оруулагчид л хэцүүдэж байна. Үнэхээр мөнгө угаасан бол зохих ёсоор нь шийтгээд, угаагаагүй бол Whitepaper дээрх хөгжүүлэлтээ хиймээр юм.