
Энэ оны эхний 7 сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал ₮2.2 их наядад хүрсэн. Анх батлагдсан түвшнээс 2 дахин өссөн хэрэг. Харин ЗГ үүний эсрэг хөөрхөн хэмнэлт хийхээр болоод байна.
😮💨 Ичсэн нүүрэндээ гэдэг шиг
Төсвийн орлого төлөвлөснөөс ₮1.4 их наядаар дутуу төвлөрсөн, үнийн өсөлт болон эрчим хүч, шатахууны доголдол үүссэн энэ нөхцөлд ЗГ 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэв. Тодруулбал, томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга, машин техник, зөвлөх үйлчилгээ, баяр ёслол гэх мэт илүүц урсгал зардлуудыг бүрэн танаж ₮1.4 их наядын хэмнэлт хийнэ гэнэ. Гэвч хэмнээд, хэмнээд, бүсээ чангалсан гэж байгаа ч алдагдлынхаа хэмжээнд хүрч хэмнэж чадаагүй байна.
‼️ Хэмнэлтийн гүнд
Сайд нарын багцын урсгал зардлаас ₮433.4 тэрбум, Нийслэлийн үнэт цааснаас ₮758 тэрбум, Хөрөнгийн зардлаас ₮249.5 тэрбум гэхчлэн хэмнэх аж. Түүнчлэн, худалдан авах ажиллагаа явуулаагүй ₮252.5 тэрбумын хөрөнгө оруулалтыг зогсоож, төрийн өмчит ААН-үүдийн төсөвт өгөх ногдол ашгийг ₮1.6 их наядад хүргэхээр тооцсон байна. Хэмнэсэн хөрөнгөө иргэдийг инфляц, үнийн өсөлтөөс хамгаалах болон цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулна гэнэ дээ.
🙀 Цалин, тэтгэвэр: Боловсролын салбарын дутагдсан цалингийн зардалд ₮674.5 тэрбум, шинжлэх ухааныхыг 35% нэмэхэд ₮80.1 тэрбум, ахмадуудад суурь тэтгэвэр олгоход ₮196.3 тэрбумыг тус тус зарцуулах нь. Нэмээд 11-р сараас эрүүл мэндийн цалинг 20%, соёл, спорт, төрийн үйлчилгээний цалинг 50% нэмнэ. Аяа, яа.
🥊 Стратегийн нөөц ба эрчим хүч: Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөцөд ₮150 тэрбум, эрчим хүчний үнийн өсөлтөөс хамгаалахад ₮107.3 тэрбум, эрчим хүчний их засвар, шинэчлэлд ₮92.7 тэрбум. Бас болоогүй "Гэрт ойр сургууль” хөтөлбөрт ₮50 тэрбум.
Эцэст нь… Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байна, мөнгөний нийлүүлэлт нэмэгдээд байна гээд байхад л хэмнэнэ гэснийхээ цаана цалин нэмнэ, үрж байгаа мөнгөө арай өөрөөр үрнэ гэсэн байх юм даа.