АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Говь ХК ноолуур бэлтгэлд зориулж ₮9.5 тэрбумын зээл авна

Говь (GOV) ХК Голомт Банк (GLMT) ХК-иас ноолуур бэлтгэлд зориулсан ₮9.5 тэрбумын зээлийг авахаар болжээ. Тус зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 5%-ийн хүүтэй зээлж буй. Энэ ямар учиртай зээл вэ? Ер нь компанийн эргэн тойронд юу болж байна? 

Говийн амбиц

Говь ХК өнгөрсөн онд 500 тн ноолуур бэлтгэсэн нь нийт зах зээлийн 5%-ийг эзэлсэн байдаг. Компани уг дүнг ойрын 5 жилдээ 20%-д, цаашдаа 50%-д хүргэх зорилготой. Тиймээс тэд энэ амбицынхаа хүрээнд буюу ноолуур бэлтгэлд зориулж ₮9.5 тэрбумын зээл авч буй. Гэснээс компани хэр их өр зээлтэй байгаа билээ?

Нийт зээл: Энэ оны I улирлын байдлаар компанийн нийт өр төлбөрийн хэмжээ ₮339.8 тэрбумд хүрчээ. Үүний 77.9% нь богино хугацаат зээл, үлдсэн хэсэг нь урт хугацаат зээл аж. Тэгэхээр ирэх жилүүдэд эдгээр зээлээс гадна ₮9.5 тэрбумын зээлээ 1 жилийн дотор төлөх нь. Сонирхуулахад, тэд энэ жил ₮12.6 тэрбумын ашигтай ажиллах зорилт тавьсан гэж байгаа. 

Хувьцаагаа эргүүлж авна 

Цаашлаад, Говь ХК-ийн тухайд энэ жил хувьцаа эзэмшилд нь нэлээд том өөрчлөлт орсон. Тодруулбал, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Таван Богд Холдингс ХХК нь 2024 оны 3-р сард хувь эзэмшлээ нэмэгдүүлэн 85.29%-д хүргэсэн. Ингэснээр тэд компанийн хуулийн дагуу өөрийн эзэмшлийн хувьцаагаа компанид буцаан худалдах хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчийн хувьцааг нь 6 сарын 5 хүртэл худалдан авч буй.

Хардлага: Тус шийдвэртэй холбоотойгоор Говь ХК эргээд ХХК болох нь уу гэсэн хардлага олон нийтийн дунд гарсан. Харин компанийн зүгээс дээрх шийдвэр нь хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг хангах, тэгш боломжийг бүрдүүлэх зорилготой төдийгүй цаашид ч олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэвээр байна гэдгээ мэдэгдсэн билээ.  

Эцэст нь… Ерөнхийдөө бол компани зээлийн санхүүжилтээрээ ноолуур бэлтгэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх нь. Нэмээд тэд энэ жил маркетингийн зардлаа бууруулж, хямдрал урамшууллын хувь хэмжээг багасгаснаар ашигт ажиллагаа руу шилжинэ гэж харж буй. Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар ч энэ жил ашигтай ажиллаж, ногдол ашиг тараахаар таамаглаж байгаагаа мэдэгдсэн. Тэгэхээр оны сүүлээр Говь ХК-ийн ашигтай тайланг харах нь уу, яах нь уу? 🤔

ШУУД ДАМЖУУЛАЛТ