
Ирэх оноос сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (ХХДХ) ₮792 мянга биш ₮1 сая болно. 1 цагийн цалин ₮5,952 болох нь. Энэ шийдвэр юунд хөтөлж байна вэ?
🙀 Нугарсан өсөлт
2007 онд ₮90 мянга байсан ХХДХ сүүлийн 20 орчим жилд 11.1 дахин өссөн. Нэг удаагийн тохируулгаар дунджаар 27% нэмсэн хэрэг. Тэр тусмаа сүүлийн 10 жилд 4.2 дахин тэлээд байгаа.
📌 Өсөлтийн өрсөлдөөн: Голч цалин 2014 оноос 4.4 дахин нэмэгдэж байхад ХХДХ 5.2 дахин өссөн байдаг. Улмаар ирэх онд ХХДХ голч цалингийн 40%-тай дүйх нь.
🫄 А хэсэг: Төрийн данх цайгаар дүүрнэ
ХХДХ нэмэгдэх шийдвэрээс ашиг хүртэгч нь төсөв. Түүнийг зарцуулагч нь төр. Тодруулбал, ХХДХ-ийг дагаад НДШ-ийн доод хэмжээ, төрөл бүрийн торгууль, татвар автоматаар өсдөг. 2025 онд ХХДХ-г ₮132 мянгаар нэмэгдүүлэхэд тус оны эхний хагаст НДШ-ийн орлого 22%, ХХОАТ 13.2% өссөнөөс цалингийн суурийн тэлэлт болон төсвийн орлогын хамаарал харагдана.
😬 Б хэсэг: Иргэдийн сагс улам хоосорно
Гэтэл нөгөө талд цалин өссөн сургаар барааны үнэ дагаж хөөрдөг нь манай зах зээлийн бодит байдал. Одоогоор 7%-8% нь ХХДХ-гээр цалинждаг гэхээр 100 мянга орчим хүний цалин ирэх оноос сарын багадаа ₮208 мянгаар нэмэгдэнэ. Зарим салбарын ХХДХ бүр ₮1.2-₮2.2 сая болж нэмэгдэнэ.
🔻 Гал дээр тос: Ажлын бүтээмжтэй хамааралгүй энэхүү өсөлт нь зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг нэмснээр инфляцыг өдөөх эрсдэлтэй. Ингэснээр нэмэгдэл цалин үр өгөөжтэй байхаас илүүтэй үнийн өсөлтөд идэгдэх аюултай.
💀 Сүүдрийн эдийн засаг: Нэмээд ХХДХ-гээр цалинждаг бүлэг ихэвчлэн жижиг ААН, бичил салбарт төвлөрдөг. Тэгэхээр хөдөлмөрийн өртөг нэмэгдэх нь зардлаа даахгүй бизнесүүд албан бус хөдөлмөр эрхлэлтийг нэмэх эрсдэлтэй. Үр дүнд нь ажилтнууд НДШ-ийн баталгаагүй үлдэнэ.
Эцэст нь… Хүнсний үнэ тэнгэрт хадаж, инфляц нь бодлогын хүүгээсээ давсан энэ цагт нөхцөл байдлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй шийдвэрүүд нэмэгдсээр. Төр засаг маань эгзэгтэй үед бүсээ чангална, танана гэж ярьдаг ч төсвөө томруулах арга замыг сонгосоор…