АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Гадаадын хөрөнгө оруулагчид арилжаанд маш бага оролцож байна

Гадаадын хөрөнгө оруулагчдыг татна гээд л байдаг. Гэтэл бодит байдал дээр энэ оны эхний 4 сарын нийт арилжааны 0.8%-ийг л гадаадын хуулийн этгээд болон иргэдийн арилжаа бүрдүүлжээ. Дэлгэрэнгүй ухаж үзье. 🔍

Дата: Хөрөнгийн зах зээлийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой Монголын үнэт цаасны клирингийн төвийн датаг ашиглав. 

Арилжааны тоо ➡ 1.3%

Он гарснаас хойш буюу эхний 4 сард нийт 44,826 хөрөнгө оруулагч арилжаанд оролцсон аж. Үүний ердөө 14 нь гадаадын хуулийн этгээд, 313 нь гадаадын иргэн аж. Харин үлдсэн 44.5 мянга нь манайхан өөрсдөө. Түүнчлэн арилжаанд оролцсон тоогоор нь харсан ч гадаадын хуулийн этгээд болон иргэд нийлээд нийт арилжааны тооны 1.3%-ийг л бүрдүүлж байна. Бага тоо байгаа биз? 

Ялгаа: Түүнчлэн эхний 4 сарын арилжааны трэндийг харвал гадаад иргэдийн арилжааны үнийн дүн 4-р сард өмнөх сараасаа 100.8% өсөж ₮387.4 саяд хүрсэн бол дотоодын иргэдийн арилжааны үнийн дүн мөн хугацаанд 20.7% унасан байна. Сонирхолтой. 🤔

Шийдэлгүй асуудал

Том зургаар манайд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнхийг уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эзэлдэг. Уг нь бол үүнийг өөрчилж бүх салбарт гаднын хөрөнгө оруулалт татаж, тэдний зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх нь бидний хүсэл. Гэвч дээрх тоог харахаар бодит байдал сайнгүй байгаа нь илт. 

Асуудал их: Хөрөнгө оруулалт татахын тулд сайн хуультай байх нь хамгийн эхний үзүүлэлт. Гэвч Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд шинэчлэн баталснаас хойш 10 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ оны эхээр уг хуулийг шинэчлэн батлах нь зөв буруу гээд гол усаар нэг шуугьсан ч одоо хэн ч үл дурсана… 

Эцэст нь… Аливаа улсын хөгжил хөрөнгийн зах зээлийн хөгжлөөсөө ихээхэн хамааралтай. Гэтэл манай дүр зураг нэг иймэрхүү л байна даа. Яах вэ, нэг цаг үеэ бодвол илүү олон салбарын компаниуд нээлттэй болж, олон ч бүтээгдэхүүн арилжаалдаг болоод байна. Харин гаднын хөрөнгө оруулагч даан ч алга даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ