Монгол аялал жуулчлалын салбарын үнэлгээгээр дэлхийн 119 орноос 85-р байранд эрэмбэлэгджээ. Энэ нь 2019 оны үнэлгээнээс 6 байраар ухарсан үзүүлэлт аж.
Тайлан: Дэлхийн Эдийн Засгийн Чуулган байгууллагаас “Travel & Tourism Development Index 2024” тайланг танилцуулсан юм. Уг тайланд улс бүрийн аялал жуулчлалын салбарын орчин нөхцөл, бодлого, дэд бүтэц ба үйлчилгээ, нөөц, тогтвортой байдал гэсэн 5 гол бүлэг үзүүлэлтийг 1-7 оноогоор дүгнэсэн байна.
Сайн ба муу
Монгол эрүүл ахуй, ариун цэврийн үзүүлэлтээр 5.70 оноо буюу хамгийн өндөр үнэлгээ авчээ. Харин “Non-Leisure Resource” буюу бизнес, боловсрол, эрүүл мэнд гэх мэт амралт зугаалгын бус зорилготой аялал жуулчлалын үзүүлэлтээр 1.31 оноо буюу хамгийн бага үнэлгээг авсан байна даа. Бодох л асуудал…
13% өсөлт: Уг нь 2023 онд Монголд нийт 651 мянган жуулчид ирснээр хамгийн их жуулчин хүлээн авсан түүхэн жил болсон. Үүнийг 2019 онтой харьцуулахад 13% өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Соёлын яамны урилгаар гаднын орнын инфлүнсерүүд нэлээдгүй ирсэн нь тус өсөлтөд нөлөөлсөн гэж үзэж буй.
Бодлогоор хөгжүүлнэ
Нөгөөтээгүүр Засгийн Газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд визийн шаардлагаас чөлөөлөх улсын тоог 34-өөр нэмж 61 болгосон. Нэмээд агаарын тээврийг либералчлах ажлыг эрчимжүүлж буй. Харин 2024 онд жуулчдыг татах болон тус салбарыг хөгжүүлэхэд ₮13 тэрбумыг зарцуулна гэсэн тооцоо бий.
Цаашид
Тайлангийн үр дүнгээс эргэн харахад “Non-Leisure Resource” буюу амралт зугаалгын бус аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага бидэнд тулгарч байна. Тэгэхээр бусад салбартайгаа хамт хөгжих асуудал яригдах нь. Жишээлбэл, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирвал эрүүл мэндийн аялал жуулчлал дагаад хөгжих нь цаг хугацааны л асуудал болох биз.
Эцэст нь… Аялал жуулчлалын ид үе юу юугүй эхэлчихлээ. Тэгэхээр жуулчдад тулгардаг асуудлуудаа шийдвэрлэх, нэмээд шинэ төрлийн аялал жуулчлалыг бий болгох гээд $1 тэрбумын орлого давсан тус салбарт хийх ажил их байна даа.