
Биржийн бус зах зээлд (ББЗЗ) энэ оны хагас жилд ₮2.3 их наядын бонд бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 3.2 дахин өслөө. Арилжаанд хэн идэвхтэй оролцож, хэн их бонд гаргав?
🎢 ҮЦК-иудын өрсөлдөөн
Тайлант хугацаанд төгрөгийн нийт арилжааны 50.1% буюу ₮1.5 их наяд нь анхдагч зах зээлд, 49.9%буюу ₮1.4 их наяд нь хоёрдогч зах зээлд хийгдсэн байна. Харин $-ын арилжааны хувьд нийт дүнгийн 38.0% буюу $59 сая нь анхдагч зах зээлд, 62% нь хоёрдогч зах зээлд тус тус арилжаалагдлаа.
🗼 Өсөлтөөр тэргүүлэгч: Анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон ҮЦК-иудаас Тэнгэр Капитал ҮЦК ₮-ийн арилжааны өсөлтөөр салбартаа тэргүүлсэн бөгөөд нийт ₮399.8 тэрбумын арилжааг амжилттай гүйцэтгэсэн аж. Тэдний нийт арилжааны 48.1%-ийг дэд бүтцийн салбарын бонд 16.1%-ийг уул уурхайн салбарын бонд үлдсэн хэсгийг бусад салбарын бонд бүрдүүлсэн байна.
🐘 ТОП-5 нөлөө: Түүнчлэн тайлант хугацаанд ББЗЗ-ийн арилжаанд хамгийн идэвхтэй байсан 5 ҮЦК нийт арилжааны 73.5%-ийг дангаараа гүйцэтгэсэн байна. Энэ дундаас Голомт Капитал ҮЦК болон Тэнгэр Капитал ҮЦК $-ын арилжаанд түлхүү идэвхтэй оролцжээ.
✨ Өсөлтийн тэн хагасыг 2 хэлцэл бүрдүүлэв
II улиралд бүртгэгдсэн 64 бондын нийт дүн ₮1.8 их наяд буюу хагас жилийн бүртгэлийн 78.3%-ийг эзэлж, улирлын хооронд огцом хазайлт үүсжээ. Үүнээс Saker bond 1 ба Altgana bond 1 нь дангаараа ₮897.5 тэрбум буюу улирлын бүртгэлийн 49.7%-ийг эзэлсэн байна. Энэ хоёр хэлцлийг хасвал зах зээлийн зураг эрс өөрчлөгдөнө. Үлдсэн 62 бондын дундаж хэмжээ ₮14.6 тэрбум, медиан нь ердөө ₮10 тэрбум аж.
📌 Салбарын бүтэц ч мөн адил. Уул уурхай II улиралд дүнгээрээ 54.2%-ийг эзэлж байгаа боловч зөвхөн 9 бонд буюу тооны хувьд 14.1%. Хоёр мега хэлцлийг хасвал уул уурхайн жин 54.2%-иас 8.9% болох нь. Цаашлаад санхүүгийн салбарын бонд нь нийт бондын 33%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд үүний 53%-ийг ББСБ-ын бонд байна.
📈 Богино хугацаа + өндөр хүү
Нийт 365 транчийн 50%-ийг 6-12 сарын хугацаатай бонд, 20%-ийг 18 сарын хугацаатай бонд, 24%-ийг 24 сарынхугацаатай бонд, 6%-ийг 36+ сарын хугацаатай бонд бүрдүүлсэн аж. Тэгэхээр 2026 онд санхүүжилт татсан нийт бондын дийлэнх нь 2027 оны эхний хагаст төлөгдөж дуусна гэсэн үг.
🗺️ Том зургаар: Хуримтлагдсан үзүүлэлтээр 2021 оноос хойш ББЗЗ дээр ₮6.5 их наядын санхүүжилт татагдаж ₮2.4 их наяд нь эргэн төлөгдсөн тул идэвхтэй үлдэгдэл ₮4 их наяд орчим байгаа хэрэг. 19%-21%-ийн өгөөжөөр тооцвол хүүгийн жилийн ачаалал ₮777-₮858 тэрбум байгаа аж.
Эцэст нь... ББЗЗ сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлж байгаа нь нэг талаас компаниудын санхүүжилтийн эх үүсвэрийг тэлж, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын сонголтыг ч солонгоруулж буй. Тус талбарт 6.3 мянган хувь хүн, 577 хуулийн этгээд оролцдог болжээ. Энэ хүрээнд ҮЦК-иудын арилжааны идэвх ч нэмэгдэж байна даа.