
Зах зээлд тэсрэлттэй гарч ирсэн ч хэрэглэгчийнхээ итгэлийг алдсаны улмаас хормын дотор гялалзсан амжилтаа салхинд хийсгэсэн харамсалтай тохиолдлууд олон байдаг. Ер нь яагаад, юунаас болж хэрэглэгчдийн итгэл алдардаг вэ?
📜 Энэ удаагийн нийтлэлийг Oglivy-н гаргасан “Believablity Index 2026”-т тулгуурлан хүргэж байна. Сонирхуулахад, уг компани бол зар сурталчилгаа, брэндингийн загалмайлсан эцэг Дэвид Огилвигийнх шүү.
🥲 Чимээгүйхэн алга болно!
Уг судалгаанд Австрали, Хятад, Хонконг тэргүүтэй 7 улсын 7,176 хүн хамрагдсан бөгөөд судалгаанд оролцогчдын 93% нь тухайн бизнес, брэндэд итгэл алдрах үед ямар нэгэн байдлаар чимээгүйхэн арга хэмжээ авдаг гэнэ. Задлан харвал, дийлэнх буюу 48% нь худалдан авалтаа зогсоодог бол 36% нь ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд эргэлзээтэй хандаж эхлэх, 28% нь өрсөлдөгч рүү нь шилждэг хэмээн хариулжээ. Сонирхолтой нь сөрөг сэтгэгдэл нийтэлдэг хэрэглэгчид ердөө 10%.
😦 Хэдий сөрөг сэтгэгдэл бичиж байгаа үйлчлүүлэгчдийн тоо цөөн харагдах ч үүний ард тухайн брэндээс чимээгүйхэн татгалздаг үйлчлүүлэгчийн тоо маш их байгаа нь анхаарал татахуйц үзүүлэлт. Цаашлаад, цахим орчинд сөрөг сэтгэгдлээ хуваалцсан 10% ирээдүйн боломжит хэрэглэгчдийн сонголтод ч нөлөөлнө гэхээр асар хохиролтой.
🤔 Хэрэглэгчдэдээ хаягдах шалтгаан?
Хэрэглэгчид брэнд, бизнест итгэлгүй болж буй 3 гол шалтгааныг дурдахад эхэнд нь бүтээгдэхүүн, үйлчилгээ нь сурталчилдаг шигээ үр дүнгүй байх, удаад нь бизнесийн этик муутай, 3-рт хэрэглэгчид тулгарсан асуудлыг дорвитой шийдэж чадаагүй тохиолдол тэргүүнд бичигджээ.
🤷♂️ Одоо тэгээд яах вэ? Аз болоход бүгд л алдаа гаргадаг хүн юм хойно бизнесүүд алдаа гаргасан байлаа ч түүний дараа хийж буй үйлдлээсээ шалтгаалж хэрэглэгчдээ тогтоон барих боломж маш өндөр буюу 85%. Гол нь зүгээр нэг уучлал гуйгаад өнгөрөх бус тухайн асуудлыг хэрхэн бодитоор шийдвэрлэж байгаа нь хамгийн чухал аж.
Эцэст нь… Сүүлийн үед манай улсад “Cancel culture” гэх ойлголт эрчимтэй дэлгэрч байх шиг. Энэнд нь бизнес, брэндүүд арай өртчихгүй байгаа ч уг судалгаанаас аливаа брэнд болон үйлчлүүлэгч хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл жижигхэн асуудал дээр ч бүдэрч, цуурч болдгийг харж болохоор. Ер нь Монголд этиктэй, бүтээгдэхүүн, үйлчилгээ сайтай хэр олон дотоодын брэнд, бизнес байдаг билээ? Бодох л асуудал…