
Энэ 7 хоногийн Мягмар гаргаас эхлэн ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн тарифыг бүрэн тэглэх эсвэл 25%-50% бууруулсан. Улмаар үнэ өсөх үү гэдэг асуулт үүсэв. Юутай ч энэ хэлэлцээрээс өмнө буюу энэ оны эхний хагаст үнэ яаж өссөнийг харъя.
🗼 Өсөлтгүй бараа үгүй
Үндэсний Статистикийн Хорооноос сар бүр хянадаг гол нэрийн 43 бараа, үйлчилгээний үнийг энэ оны эхний хагасын байдлаар харвал жилийн өмнөхөөсөө дунджаар 18% өсжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн худалдан авалт тутамд дунджаар ₮1,960-ийн нэмэлт зардал үүссэн гэсэн үг юм. Угаас уг 43 барааны 41-ийнх нь үнэ өссөн бол гар нүүрийн саван болон Хятадаас импортолж байгаа сонгинын үнэ л буурч.
🎢 Махны галзуурал: Үнийн өсөлтийн %-иар эхний 10-т бичигдсэн бүтээгдэхүүний 5 нь үхэр, ямаа, хонь, адууны мах аж. Тус бүрийн үнэ дунджаар 56% нэмэгдсэн. Үнийн дүнгийн хувьд үхрийн цул махны үнэ кг тутамд ₮13.9 мянгаар, хониных ₮10.6 мянгаар өсөж.
🤯 Дэндүү дээ, даанч дэндүү: 43 бараа, үйлчилгээнийхээ одоогийн үнийг 2020 онтой харьцуулбал үнэ нь өсөөгүй зүйл гэж үгүй. Дунджаар 102.3%, үнийн дүнгээр бол дунджаар ₮5.4 мянгаар нэмэгдсэн байгаа юм даа.
🤔 Хэлэлцээр нөлөөтэй юу?
Ийнхүү Монголд өглөө бүр дэлгүүрийн лангуун дээрх үнийн шошго өөрчлөгдөж, өрхийн санхүү өдөр ирэх тусам ачаалал авч байгаа яг ийм шахагдсан эдийн засгийн үед ЕАЭЗХ-ны хэлэлцээр эхэлж байдаг. Хэлэлцээрийн дараа яах бол?
💭 Боломж ба эрсдэл: Махны татвар 0% болсноор ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1%, хөрөнгө оруулалт 2.6% өсөх тооцоотой. Энэ нь нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн гаргах боломж юм. Гэвч Орос, Казахстаны хямд импорт нэмэгдэж, дотоодын гурил, сүүний салбар өрсөлдөөнд шахагдах эрсдэлтэй.
Эцэст нь… Одоогоор нөхцөл байдал, үнийн өсөлт нэг ийм л дүр зурагтай байна даа. Оны төгсгөлөөр үнийн өөрчлөлт, гаалийн дата дээр сонирхолтой дүр зураг гарах биз ээ. Ажиглана чиг тоймлоно чиг байя аа.