
Сүүлийн хэд хоногоос л Монгол орон энэ жилийн халуун зуныг мэдэрч эхэлж байгаа бол дэлхий нийт хэт халалттай дасаад багагүй хугацааг өнгөрөөжээ. Тэгсэн томоохон банкнууд Эль Ниногоос үүдэлтэй хэт халалт эдийн засагт гэнэтийн цохилт авчирч болзошгүйг анхааруулж эхлээд байна.
🌊 Эль Нино нь Номхон далайн төв болон зүүн экваторын бүсийн усны гадаргуу ердийн үеэсээ дулаарах байгалийн үзэгдэл юм. Ингэхдээ дунджаар 2-7 жил тутамд нэг удаа тохиолдож, ихэвчлэн 9-12 сарын турш үргэлжилдэг аж.
⚠️ Банкнуудын сэрэмжлүүлэг
Олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банкнууд хийгээд зарим орны төв банкнаас түүхэнд байгаагүй хүчтэй Эль Нино үзэгдэл идэвхжиж буйг зарлаад байна. Петерсоны олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн тооцооллоор, Эль Ниногийн хамгийн муу хувилбар биеллээ олбол дэлхийн эдийн засагт $700 тэрбумаас $3 их наядын хохирол учрах эрсдэлтэйг харуулжээ. Мөн ургацын хэмжээ зарим бүс нутгуудад 20%-50% буурах эрсдэлтэй байгаа аж.
🦢 Хар хун: Энэ жилийн хэт халалт нь Азийн цагаан будааны нийлүүлэлт доголдуулж, хүнсний үнэ огцом өсөх аюултайг HSBC (HSBC) мэдэгдээд байна. Үүний улмаас эдийн засагт уур амьсгалын хар хун буюу асар өндөр хохиролтой, сэргэхэд бэрх гэнэтийн цочрол үүсэх магадлал өндөр хэмээн шинжээчид үзсэн юм.
🍜 Хүйтэн усны гоймон: Хэт халалтын эсрэг хүнс үйлдвэрлэгчид ч хариу арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, саяхан 100 гаруй оронд худалдаалагддаг Японы Cup Noodle брэнд буцалсан ус биш, хүйтэн усанд дэвтдэг дэлхийн анхны бэлэн гоймонг танилцууллаа. Сонирхуулахад, Японд 2021-2025 оны хооронд наршилтын улмаас эмнэлэгт хэвтэгсдийн тоо 2 дахин нэмэгдсэн аж.
Эцэст нь… Энэ долоо хоногийг дуустал Монгол орны ихэнх нутгаар +30℃-аас +38℃ давж хална. Одоогоор зуншлага нийт нутгийн 50%-д нь сайн, 40%-д нь дунд, 10%-д нь тааруу байгаа сурагтай. Газар тариалангийн тухайд 6-р сарын хүйтрэлээс үүдэн ургацын болц оройтсон ч, ойрын өдрүүдийн халалт ургацад эергээр нөлөөлөх хүлээлттэй байна. Ингэхэд манай лимонууд эдгээр халуун өдрүүдийг яаж давж байна даа. 🥵