Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор аливаа банкны 1 хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20%-иас дээш хувийг эзэмшихгүй байх заалт орсныг санаж байгаа биз ээ. Тэгвэл энэ заалтын хэрэгжилт, нөлөө юу болж байна вэ?
Хэрэгжилт ➡️ “0”
Уг заалт нь бүх арилжааны банкнуудад хамаатай. Улмаар 12 банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөх хэрэгтэй болсон гэсэн үг. Уг нь бол тус заалтыг 2023 оны 12 сарын 31-ний өдрийн дотор хангаагүй банкны хувьцаа эзэмшигчийн хуульд заасан эрхүүдийг түдгэлзүүлэхээр тусгасан. Гэтэл одоо ч бүх банканд 20%-иас дээш хувийг эзэмшигч бий.
Яагаад? Банкнуудын хувьцаа эзэмшилд өөрчлөлт орно гэдэг бол 1 жилийн дотор шийдэх асуудал биш. Зах зээлийн эрэлт, хөрвөх чадвар, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулагчдын сонирхол зэрэг олон хүчин зүйлс үүнд хамаатай.
Тооцоолол хийе: ХААН Банк (KHAN)-ны 40.99%-ийг HS Holdings (8699.T) эзэмшдэг. Тэгэхээр энэ эзэмшлийг 20% болгож бууруулна гэвэл өчигдрийн ханшаар ₮415 тэрбумын үнийн дүн бүхий хувьцааг арилжих хэрэгтэй болно. Ийм хэмжээний хувьцааг шууд өөр компани, хөрөнгө оруулагчдад арилжиж, өөрчилнө гэдэг бэрх байгаа биз?
Хохирол = $1.3 тэрбум
Монголын Банкны Холбооны уулзалтаар томоохон банкнуудын төлөөллүүд банкнууд хугацаандаа хувь эзэмшлээ задлах заалтыг биелүүлээгүй тул $1.3 тэрбумын зээлийн санхүүжилт эргэн татагдах нөхцөл байдал үүсээд байгааг дурдсан.
Тиймээс: Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж уг заалтыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж 2026 он болгохоор тусгаад буй. Уг өөрчлөлт одоогоор хэлэлцүүлгийн шатандаа явж байна.
Шийдэл нь юу байх вэ?
Банкнууд уг заалтыг хэрэгжүүлэхийн тулд гаднын хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилжаалах сонголт үлдэж байна. Гэхдээ Лондон, Сингапур, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгүүлье гэвэл наанадаж 3-4 жилийн бэлтгэл ажил шаардлагатай. Иймдээ ч Capital Markets Mongolia компани “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног: Нью-Йорк” арга хэмжээг зохион байгуулж Монголын банкнууд тус бирж дээр IPO хийх боломжийн талаар санал солилцсон.
Эцэст нь… Одоо сонгууль ч дөхлөө. Энэ хуулийн өөрчлөлтийн асуудал юу болдог бол доо?