
Монголчуудын орлогын тэгш бус байдал зөвхөн үл хөдлөх хөрөнгө, унаж буй машинаар хязгаарлагдахгүй, тэдний өдөр тутамдаа худалдан авч буй хоол хүнсний чанар, нэр төрлөөр шууд хэмжигдэж байна.
🍽️ Зөрүү гаарчээ
Хамгийн энгийн жишээ бол монголчуудын стратегийн гол хүнс болох махны хэрэглээ. Судалгаагаар хамгийн бага орлоготой өрх сард мах худалдаж авахад дунджаар ₮80.7 мянгыг зарцуулдаг бол өндөр орлоготой өрх ₮241.6 мянгыг зарцуулдаг байна. Энэ нь даруй 3 дахин их үзүүлэлт бөгөөд ширээн дээрх махны хэмжээ төдийгүй чанар, нэр төрлийн асар том зөрүүг илтгэнэ.
📌 Гэхдээ хамгийн түгшүүртэй дүр зураг амин дэм, эрүүл хүнсний хэрэглээ дээр харагдаж байна. Тухайлбал, жимс, самрын зардлыг харвал орлого багатай бүлэг сард ердөө ₮5.5 мянгыг зарцуулж байхад, чинээлэг өрхүүд ₮45.2 мянга буюу 8.2 дахин их мөнгө зарцуулдаг. Цэвэр ус, ундааны хэрэглээ ч 5.2 дахин зөрүүтэй.
🗣️ Амьд л үлдье: Энэхүү тоо баримт нь ядуу буурай болон дундаас доогуур орлоготой өрхүүд зөвхөн өлсөхгүй байх буюу гурил, өөх тосны хэрэглээнд хамаг мөнгөө шавхаж, эрүүл мэндэд нэн тустай витаминлаг хүнснээс бүрэн таслагдаж байгааг харуулж байна.
💳 Өрхийн хэтэвчний бүтэц
Том зургаараа монгол өрхүүдийн амьдралын хэв маяг улам бүр зах зээлээс хамааралтай буюу хүнсний бус бараа, үйлчилгээний үнийн дарамтад илүү өртөх болсон нь харагдаж буй. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага жилийн өмнөхөөсөө 19.7% өсөж ₮3 сая болтлоо өссөн. Үүний цаана:
🥶 Инфляцын дарамт 87%: Нийт зарлагын ₮487.4 мянгын өсөлтийн дийлэнхийг буюу 87%-ийг байр, цахилгаан, тээвэр, боловсрол гэх мэт зөвхөн хүнсний бус бараа, үйлчилгээний зардал эзэлж байна. Өрхүүд илүү чанартай хүнс авсандаа биш, амьдралын суурь өртгийн нэмэгдэлд хамаг мөнгөө тушаажээ.
🔻 Зах зээлийн хамаарал: Нийт зарлагад бэлэн мөнгөний зарлагын жин 0.5 нэгж хувиар өссөн бол өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнс -0.4 нэгж хувь, бусдаас үнэгүй авсан зүйлс -0.1 нэгж хувиар тус тус буурав.
Эцэст нь… Инфляцад идэгдсэн өрхийн орлого, хүнсний зардлын туйлшрал нь зөвхөн өнөөдрийн хэтэвчний асуудал биш. Энэ нь ирээдүйд иргэдийн эрүүл мэнд, дундаж наслалт, цаашлаад хүүхдүүдийн өсөлт хөгжилтөд заналхийлсэн нийгмийн суурь хямрал болон хувирчээ.