
Өнгөрсөн Бямба гарагт Тавантолгойн бүлэг ордын томоохон жигүүр болох Бортээгийн ордын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Сүүлийн үед нэлээд бэрхшээл, хэл ам дагуулаад буй уул уурхайн салбарт энэ орд ямар нөлөө үзүүлэх вэ?
💰 Цар хүрээ томорно
Бортээгийн орд нь 424.2 сая тн нүүрсний нөөцтэй бөгөөд жилд 15 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай. Ордын дийлэнх нь сул коксжих нүүрс буюу зах зээлд эрэлт ихтэй, үнэ цэн өндөртэй нүүрс. Үүний улмаас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн экспортын орлого нэмэгдэх боломжтой.
🔺 Өсөлт +50%: ЭТТ 2025 онд 27.6 сая тонн нүүрс борлуулсан. Тэгвэл Бортээгийн ордын нөлөөгөөр энэ тоо 54.3% өснө гэсэн үг. Том зургаар уг ордын нөлөөгөөр улсын нийт нүүрсний экспорт 18%-19% нэмэгдэх нь.
🤔 Орлого яаж өсөх вэ? Бортээгийн сул коксжих нүүрс эрчим хүчний нүүрснээс өндөр үнэтэй тул жилийн орлого нь $975 саяас $1.5 тэрбум байх боломжтой аж.
📈 Эдийн засгийн нөлөө: Уг уурхайтай холбоотойгоор говьд 1,500 гаруй шинэ ажлын байр бий болж, төсвийн эхний 10 жилд улс, орон нутгийн төсөвт ₮4.4 их наядын татвар хураамжийн орлого төвлөрөх гэнэ. Мөн тус хугацаанд ₮10.2 их наядын дотоодын хөрөнгө оруулалт хийгдэх нь.
📌 Засаглалын шинэчлэл ба IPO хүлээлт
Ордын нээлттэй зэрэгцэн ЭТТ олон улсын БДО аудит болон Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-тэй санамж бичиг байгуулсан байна. Улмаар ЭТТ-н IPO ойртож байна уу даа гэсэн хүлээлт үүсэв. Гол нь энэ шинэчлэл хэр хурдан, бодитойгоор хэрэгжих вэ гэдэг л байна даа.
Эцэст нь... Бортээгийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл өдөрт дунджаар 41,000 тн нүүрс тээвэрлэгдэх нь. Үүнд Гашуунсухайт-Ганцмод боомтын холболт, төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал бэлэн байх ёстой. Том хэмжээний төсөл хөдөлж эхэлж байгаа нь сайшаалтай ч бэлтгэл ажлыг сайн хангах, ил тод байдлыг эрхэмлэж өмнөх авлигын бараан түүхийг давтахгүй байх нь чухал байна.