
Монгол Улсын эдийн засгийн зүрх болсон уул уурхайн салбарт томоохон ухралтууд ар араасаа гарч эхэллээ.
🧨 Оюу толгой: 7 хоног тутамд ₮35 тэрбумын хохирол
Өчигдөр өглөөний 09:00 цагаас эхлэн Эрс Шинэчлэл Хөдөлгөөний жагсагчид Оюу толгойн баяжмал тээвэрлэлтийн замыг хаасан. Үүний уршиг нь зөвхөн нэг компанийн асуудал биш бөгөөд улс орны эдийн засагт шууд дарамт болж байна.
❌ Төсвийн тасалдал: Экспорт саатсан 7 хоног тутамд улсын төсөвт ₮35 тэрбумын татварын орлого, үүнээс ₮21 тэрбумын АМНАТ тасалдах эрсдэл үүсэв.
💰 Эдийн засгийн тулгуур: Оюу толгой компани нь Монгол Улсын төсвийн татварын орлогын 9% орчмыг бүрдүүлж, өдөр бүр ₮23 тэрбумын хөрөнгө оруулалт цутгадаг. Угаас Оюу толгой байгаагүй бол сүүлийн 15 жилийн 8-д нь эдийн засаг агших байсан буюу дундаж нь -3.8% байх байсан.
Уг явдлын дараа ЕС Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулж, зам хаасан иргэдэд хариуцлага тооцно гэсэн ч яаж гэдэг нь тодорхойгүй байна. Бид дараагийн Оюу толгойг эрж хайхад төвлөрөх байтал өмнөхөө нураах чиглэл рүү л явж байна даа.
🗿 Халзан бүрэгтэй: Төрийн шийдвэрийн тогтворгүй байдал
Стратегийн чухал ач холбогдолтой Халзан бүрэгтэй төслийг тойрсон улс төржилт, албан тушаалтнуудын ойлгомжгүй шийдвэрүүд үргэлжилсээр байна. Өнгөрсөн Даваа гарагт уг төслийн хайгуулын үйл ажиллагааг дахин түр зогсоох шийдвэр гарав. Энэхүү төслийн замнал үнэхээр тогтворгүй.
📌 2023 он: ЕС асан Оюун-Эрдэнийг баруун аймгуудад ажиллах үеэр иргэд төслийг эсэргүүцсэн тул судалж үзэх нэрийдлээр үйл ажиллагааг зогсоож, лацдав.
2024 он: 8-р сард яамнаас үйл ажиллагааг сэргээсэн ч, 11-р сард Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа төслийг дахин зогсоох захирамж гаргав. Жилийн эцэст салбарын ерөнхий байцаагч Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон.
🔻 2025 он: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хайгуулыг зогсоосон ч, 9-р сард Сонсгол хийн Байнгын хороодын хамтарсан тогтоолоор "ГХЭ-ийн нөөцөө тогтоохын тулд хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүл" хэмээн шийдвэрлэж байв. Гэвч өнөөдөр дахиад л зогслоо.
Эцэст нь... Монголын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай, цаашдын өсөлт нь ч энэ салбартай уялдаатай. Гэтэл дэлхий нийтээрээ газрын ховор элемент рүү хошуурч, зах зээл нь тэлж, зэсийн үнэ өсөж буй энэ алтан үед дотоодын тэмцэл ширүүсэж төрийн шийдвэр цэгцгүй байгаа нь Монгол Улс өөрийнхөө нүд рүү хуруугаа хийсэнтэй агаар нэг үйлдэл болж байна.