
Өчигдөр ЗГ болон МҮХАҮТ-иас 2025 оны ТОП-100 ААН-үүдийг тодрууллаа. Тэгвэл Монгол Улсын эдийн засагт эдгээр бизнесийн акулууд ямар хувь нэмэр оруулсныг харцгаая.
🔄 Урт биш товчхон
Өнгөрсөн онд ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого 2024 оны мөн үеэс 19.7% өсөж ₮65.7 их наядад хүрчээ. Ингэснээр ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого ДНБ-ийн 73%-тай тэнцэх болсон нь өмнөх оноос 4 нэгж хувиар өслөө. Цаашлаад, тэдний улсад төлсөн татварын хэмжээ 5.2% нэмэгдэж ₮8 их наядад хүрч, нийт татварын орлогын 30%-ийг бүрдүүлсэн байна.
📉 Ажиллах хүчин: Хэдий ихэнх үзүүлэлтүүд өссөн ч ТОП-100 ААН-ийн ажиллагчдын тоо 2.8 мянгаар буурч 84.7 мянга болов. Энэ нь шинээр ТОП-100 ААН-д нэмэгдсэн 19 компанийн ажиллагчдын тоо жагсаалтаас хасагдсан 19 компаниас харьцангуй цөөн байсантай холбоотой байж болзошгүй.
🏬 Худалдаа №1: Өнгөрсөн хугацаанд ТОП-100 ААН-д ихэвчлэн уул уурхайн салбарын компаниуд бусад салбараас илүүтэй багтаж байсан бол энэ удаагийн жагсаалтад худалдааны салбарын компаниудын тоо уул уурхайн салбараас 2-оор илүү гарч 27 болжээ.
⭐️ ТОП-10-ыг харвал
Эхний 10-т жагссан компаниудаас 4 нь байр ахиж, 2 байр нь ухарсан бол үлдсэн 4 нь хэвэндээ байв. ТОП-100 ААН-ийн жагсаалтыг Оюу толгой 4 дахь жилдээ дараалан тэргүүлсэн бөгөөд өнгөрсөн онд борлуулалтын орлого, төлсөн татварын дүн, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээгээр бусад компаниудыг аваргалжээ. Харин удаах байранд Монголын Алт ХХК орсон бол гутгаарт ХААН Банк ХК (KHAN) жагссан байна.
⚡️ Огцом үсрэлт: 2025 онд байраа хамгийн дорвитой ахиулсан компаниудад 21 байр ахисан Алтангадас Трейд ХХК, 18 урагшилсан Таван Богд Фүүдс Пицца ХХК, мөн тус бүр 17 байр дэвшсэн Хан алтай ресурс ХХК, Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК нар багтсан аж.
Эцэст нь… Монголын ТОП-100 ААН буюу бизнесийн акулуудыг энэ хүрээд тоймлож дууслаа. Ирэх оны жагсаалт ямархуу дүр зурагтай гарах бол гэдэг тун сонирхолтой. Таны хувьд өндөр хүлээлттэй ямар компани байна даа? 🤔