
Дэвэн дэлхийгээр аялах нь хүн бүрийн дуртай хобби, мөрөөдлийн нэг хэсэг билээ. Манай улсын хувьд дэлхийн 30 орчим орон руу визгүй зорчих боломжтой ч хөгжсөн орнууд руу аялах боломж визээр хязгаарлагддаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд хүмүүсийн ихээр аялж буй улс орнуудын визний хураамж хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхъё.
🔎 Хэний виз өсөв?
Монголчуудын ихээр аялдаг 10 орны визний хураамжийн өөрчлөлтийг харвал виз мэдүүлэхэд дунджаар ₮369.5 мянгыг зарцуулахаар байна. Хамгийн өндөр төлбөртэй нь ₮726.6 мянгыг тушаах Шинэ Зеланд байгаа бол хамгийн хямд нь ₮57 мянгыг төлөх Өмнөд Солонгос ажээ.
📈 Дундаж өсөлт: Өнгөрсөн хугацаанд эдгээр 10 орны визний хураамж дунджаар 12.7% өссөн. Жагсаалтыг 61.6% өсөлтөөр Шинэ Зеланд тэргүүлж байгаа бол үүний араас 26.7% нэмэгдсэн Австрали, 15.6% ихэссэн Америк зэрэг улсууд жагсаад байна.
👀 Нэг хэвээр: Визний хураамж нь огт өөрчлөгдөөгүй 4 улс бий. Үүнд ₮259.1 мянгын хураамжтай Канад, ₮249.7 мянгын төлбөртэй Ирланд, ₮160.9 мянгын үнэтэй Тайвань болон Өмнөд Солонгос багтжээ.
🎌 Японд хүндхэн байна
Өнгөрсөн долоо хоногт Японы парламент гадаад иргэдийн визийн төлбөрийн дээд хязгаарыг огцом өсгөх шийдвэрийг гаргасан. Тухайлбал, энэ санхүүгийн жилд багтан визийн сунгалтын дээд хязгаарыг ¥6 мянгаас ¥100 мянгад, байнгын оршин суух зөвшөөрлийг ¥10 мянгаас ¥300 мянгад хүргэхээр болжээ. Түүнчлэн хил нэвтрэхээсээ өмнө урьдчилан онлайнаар зөвшөөрөл хүсэх систем нэвтрүүлэх зэрэг заалтуудыг агуулсан цагаачлалын хяналтын тухай хуулийн төслийг дэмжсэн юм.
🌏 Цаад шалтгаан: Өнгөрсөн оны байдлаар Япон дахь гадаад иргэдийн тоо 4.1 саяд хүрсэн нь түүхэн дээд түвшин байлаа. Үүнтэй холбоотойгоор ЗГ-аас цагаачлалын урсгалыг илүү хянаж, системийг чангатгах бодлого баримталж эхэлжээ.
Эцэст нь… Манай лимонуудын энэ жил аялахаар төлөвлөсөн улсуудын дунд дээрх 10 орон багтсан уу? За тэгээд аялахдаа хариуцлагатай аялагч байж, тухайн улсын дүрэм журмыг сайтар мөрдөхөө мартуузай. 👌🏻