
Өнгөрсөн онд зарим салбарт цалин эрчимтэй өссөн бол заримд нь өсөлт саарч, тодорхой албан тушаалуудын цалин буурах хандлага ажиглагджээ. Юу болоод байна вэ?
📌 Судалгаа: Энэхүү нийтлэл нь Zangia.mn-н 2025 оны цалингийн судалгаанд үндэслэв. Тэд уг судалгааг 7 дахь жилдээ гаргасан бөгөөд цалингийн үзүүлэлтийг салбар тус бүрээр, албан тушаалаар нарийвчилж гаргадгаараа онцлог. Энэ удаагийн судалгаа 54 компанийн мэдээлэлд тулгуурласан аж.
🎢 Хамгийн өндөр гэхдээ…
2018-2025 оныг хамарсан 8 жилийн динамикаас үзэхэд уул уурхайн салбарын цалин хамгийн өндөр өсөлттэй хэвээр. Тодруулбал, уул уурхайн салбарын дундаж цалин 2018 онд ₮2 сая байсан бол 2025 онд ₮3.7 сая болж 85% өссөн. Албан тушаалын ангиллаар авч үзвэл, тус салбарын энгийн хөдөлмөр эрхлэгчдийн цалин 57%, инженер техникийн мэргэжилтнүүдийнх 13% зэргээр өсжээ.
🙀 Эсрэг үзэгдэл: Нөгөө талд уул уурхайн дунд шатны удирдлагын цалин 18%, дээд удирдлагын цалин ₮9.9 саяас ₮7.2 сая болж 27% буурсан нь компаниуд удирдах бүтцийн зардлаа ихээхэн танасныг илтгэж байна.
🥶 IT хөрөлт
Сүүлийн жилүүдэд цалингийн өсөлтөөр тэргүүлж байсан IT салбар 2025 онд хурд саагчтай тулгарав. Хэдийгээр тус салбарын 2018 оны ₮1.4 саяын дундаж цалин 2025 онд ₮3.4 саяд хүрсэн ч 2024-2025 оны хооронд ямар нэгэн өсөлт гараагүй байна. Нэмээд инженер, техникийн мэргэжилтнүүдийн цалин 24%, удирдлагын цалин 21%, мэргэжилтнүүдийнх 13% тус тус буурчээ.
🤔 Яасан юм бол? Энэхүү бууралт нь компаниуд үйл ажиллагааны зардлаа оновчлох, хэт хөөсөрсөн өндөр цалинг тогтворжуулах, түүнчлэн AI-н нөлөө хөдөлмөрийн зах зээлд бодитоор нэвтэрч эхэлсэнтэй холбоотой байж болох юм.
💸 Хамгийн өндөр цалин
Барилга,ҮХХ-ийн салбарт удирдлагын цалин хамгийн өндөр байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн онд ₮8.4 сая болж 31% өсжээ. Удирдлагын цалин өссөн ч гол үйл ажиллагаа эрхлэгчдийн цалин 6% буурсан дүр зураг харагдав. Худалдаа, борлуулалтын салбарын хувьд энгийн ажил хөдөлмөр эрхлэгчид цалингаа 18% нэмүүлж чадсан ч менежерүүдийн цалин 11% буурчээ.
Эцэст нь… Уг судалгаатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД-ээс мэдээлэл аваарай.