
Хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр жижиг хувьцаа эзэмшигч буюу нэг компанийн 5%-иас доош хувь эзэмшдэг хөрөнгө оруулагчдын сонирхол өөрчлөгджээ. Юу вэ гэхээр 👇
🎫 Ягаан тасалбараас өргөн сонголт руу
1991-1994 оны хооронд цэнхэр, ягаан тасалбарын үеэс хойш 11 жилийн дараа анхны IPO хийгдэж байсан. Үүнээс хойш жижиг хөрөнгө оруулагчид компаниа сонгож, судалж хөрөнгө оруулдаг болоод 10 хүрэхгүй жилийг л үдэж байна. Тэгвэл уг хөрөнгө оруулагчдын тоо банкны реформын дараагаас буюу 2023 оноос хойш 20% буюу 107.5 мянгаар өсөж 644.3 мянгыг даваад байна.
💪 Томчуул доторх томчуул
Хамгийн олон жижиг хөрөнгө оруулагчтай 20 компанийг харвал 15 нь МХБ (MSE)-ийн ТОП-20 индексийн компани аж. Уг 20 компанийн нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 407 мянгад хүрч нийтэд эзлэх хувь нь 63% болжээ. Жижиг хувьцаа эзэмшигчдийн сүүлийн 3 жилийн өсөлт нь дунджаар 41% байсан хэрэг.
🧲 Тогтвортой татах хүч: Хүнсний салбарын 4 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн өсөлт дунджаас бараг 2 дахин илүү буюу 81.7% байсан аж. Тодруулбал, Түмэн Шувуут (TUM)-ынх л гэхэд 93.7% өсөж. Хөрөнгө оруулагчид инфляц өндөр үед тогтвортой бизнесүүдийг илүү найдвартай гэж үзэж буй бололтой.
🧧 Тал нь санхүү: Түүнчлэн хамгийн нүд булаасан 20 компанийн 10 нь санхүүгийн салбарынх. Тэдэнд 167 мянган хүн хөрөнгө оруулсан нь нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн 25%-ийг бүрдүүлж байна. Давхардсан тоогоор 10 хувьцаа эзэмшигч бүрийн 4 нь санхүүгийн салбарыг сонгож дээ.
🍄 Bye, OG: Сонирхолтой нь, түүхэндээ хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй байсаар ирсэн хувьчлалын үеийн болон түүхэн компаниуд болох Жэнко Тур Бюро (JTB) болон Улсын Их Дэлгүүр (UID)-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо бараг өөрчлөгдөөгүй, харин ч үл ялиг буурчээ.
Эцэст нь... Жижиг хөрөнгө оруулагчид илүү прагматик, өгөөж болон эрсдэлийг тооцдог болсон гэж харж болохоор байна. Гэвч ногдол ашгийн бодлого, зах зээлийн хөрвөх чадвар гээд тэдний эрх ашгийг хангахын тулд сайжруулах олон зүйл байгаа. Мөн зах зээл дээр жижиг хөрөнгө оруулагчдын нүдийг булаасан олон гоё бүтээгдэхүүнүүд ч шил даран гарч ирэх биз ээ.