Нийслэлийн барилга байгууламжийн ажил дуусахгүй нь ээ. Энэ ондоо багтааж нийт 36.4 га талбайд 192 авто зогсоол байгуулах тухай тогтоолын төсөл батлагдлаа. Үнэхээр түгжрэл, хүртээмжийг шийдэх гээд байна уу, нийслэлийн хэтэвчийг зузаалах өөр арга уу?
🕵️♂️❓ Түүх давтагдах уу?
Өмнө нь нийслэл хот өөрөө томоохон зогсоолууд барьж байгуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд бэлэн байгаа үнэгүй зогсоолыг төлбөртэй болгох тактик руу шилжсэн. Сэргээж сануулбал, бүр 2017 онд нийслэлийн 70 орчим байршилд авто зогсоол барьж, заримыг нь 2-4 давхар орчин үеийн шийдэлтэй болгоно гэж байв. Гэхдээ дорвитой өөрчлөлт гараагүй, давхар зогсоол ч замхарч, түгжрэл нэмэгдэж, зогсоолын хүртээмж улам буурсан. Харин одоо 25 шинээр зогсоол, гарааш буулгасан нийтийн эзэмшлийн байршилд 167 зогсоол барина гэнэ.
🫣 Түгжрэхгүй ээ хө: Албаныхны тооцоолж буйгаар 192 байршлыг зогсоолтой болгосноор тухайн орчмын замын түгжрэл 20%-30% буурч, зогсоол хайж дэмий эргэлдэх хугацаа 15%-30% багасах гэнэ. Цаасан дээрх энэ гоё тоонууд амьдрал дээр биелж, үр дүнг нь бодитоор хэмждэг болоосой гэж залбирах л үлдлээ.
🗺️ Гэснээс хаана баригдах зогсоолууд вэ? Баянгол дүүрэгт 53 зогсоол, Сүхбаатар дүүрэгт 43, Баянзүрхэд 38, Хан-Уулд 27, Чингэлтэйд 24 зогсоол тус тус баригдах бол Сонгинохайрханд хамгийн цөөн буюу 7 байршилд зогсоолтой болох нь ээ.
💰 Мөнгө олно оо хө: Зогсоол = Орлогын өсөлт
Цаашлаад, зогсоол байгуулах тогтоолын төсөл дээр зогсоолын орлого 20%-40% нэмэгдэнэ гэж тусгагдсан аж. Харин Улаанбаатар хотын Хөгжлийн Корпорацаас том зургаараа энэ онд 4,500 орчим авто зогсоолын төлбөрөөс ₮2.4 тэрбумын орлогыг нийслэлийн Замын санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Тэгэхээр зогсоолын төлбөрийн орлого жилийн өмнөхөөсөө 1.5 дахин 2024 оныхоос 2.5 дахин нэмэгдэх нь. Түгжрэл буурах нь эргэлзээтэй ч төсөв томрох нь бат бололтой.
Эцэст нь… Зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, эмх цэгцэд оруулах нь зөв алхам. Гэхдээ зогсоолын орлогыг үр дүнтэй зарцуулагдах уу, эсвэл дахиад л цаасан дээрх үр дүн болоод өнгөрөх үү гэдэг сонин. Төлбөр нь өсдөг ч түгжрэл, хүртээмж нь хэвээрээ үлддэг хотын дүрмээс салах л хэрэгтэй байна даа.