Их Британийн хамгийн богино буюу 45 хоногийн настай Ерөнхий сайд Лиз Трасс. Энэ бол одоогоос 4 жилийн өмнө хамгийн анх бичиж байсан нийтлэлүүдийн маань нэг. Түүнээс хойш Их Британийн Ерөнхий сайдаар 2 ч хүн солигдож, одоогийн Ерөнхий сайд Кир Стармер бас л огцрох уу, эс огцрох уу дээрээ туллаа.
🤨 Ямар гээч чөтгөр нь шүглэчихсэн юм бэ?
Нэгэн цагт дэлхийн парламентын алтан стандарт гэгддэг байсан Их Британийн улс төр сүүлийн 10 жил маш донсолгоотой цаг хугацааг туулж явна. Ялангуяа 2016 оноос хойш тус улсын Ерөнхий сайд нарын дундаж ажиллах хугацаа огцом богиноссон. Үүнийг шинэ цагийн улс төрч гэгддэг Маргарет Тэтчер Ерөнхий сайдын алба хашиж байсан үеэс хойш 2016 он хүртэл Ерөнхий сайдаар 5 хүн л ажиллаж байсантай харьцуулахад анхаарахгүй байхын аргагүй асуудал.
2016 оноос өмнө 🆚 дараа: Өөрөөр бол 2016 оноос өмнөх 37 жилийн хугацаанд Их Британийн Ерөнхий сайд нар 7.5 жилийн насжилттай байсан бол түүнээс хойших 10 жилд ердөө 2 жилийн настай болоод буй.
📌 Товчхондоо Brexit-с хойш Их Британид урт хугацааны удирдагч гэхээсээ илүү хямралын менежерүүдийг л авч ажиллуулан, унагах аяндаа орчихсон гэлтэй.
❕ Нэн даруй огцор!
Риши Сунакийн дараа гарч ирсэн Кейр Стармер “Эмх замбараагүй байдлыг зогсооно” гэх амлалтаараа гарч ирсэн ч одоо тэр өөрөө тогтворгүй байдлын бэлгэдэл болж хувирсан. Дөнгөж 2 дахь жил рүүгээ орох гэж буй түүний суудал ийн дэнжгэнэх болсон нь энэ сарын эхээр болсон орон нутгийн сонгуульд Хөдөлмөрийн нам 1,460 суудал алдаж, түүхэн ялагдал хүлээснээс эхлэлтэй.
Улмаар түүнийг дараагийн сонгуульд ч намаа ялалтад хүргэх магадлал бага гэж үзэн парламент дахь Хөдөлмөрийн намын 97 гишүүн түүнийг огцруулахыг шаардаж
Үүнээс гадна Эпштейнтэй холбоотой хэмээн шүүмжлүүлж буй Мандельсоныг Америк дахь Элчин сайдаар томилсон нь ч нэрмээс болов.
Одоогоор “Хойд зүгийн хаан” хочтой Энди Бөрнхэм Стармерын хамгийн дараагийн залгамжлагчаар яригдаж байгаа бөгөөд хэрэв тэр ирэх сарын нөхөн сонгуульд ялбал Стармерын Ерөнхий сайдын карьер дуусна хэмээн шаагилдах болжээ.
Эцэст нь… Ерөнхий сайд солигдох бүрд зөвхөн тэр хүн явдаггүй. Түүнтэй хамт бүхэл бүтэн кабинет, зөвлөхүүд, бодлогын багууд солигддог. Шинэ Ерөнхий сайд шинэ хүмүүсээ авчирна, шинэ сайд нар туршлагагүй, ажлаа эхнээс нь суралцах шаардлагатай буюу төрийн аппарат тэр чигтээ дахин суралцах шаардлагатай болдог. Энэ бол яг л одоогийн Их Британид өрнөж буй хямралын үндэс. Манайд ч ялгаагүй Ерөнхий сайд уналаа, шинэ сайд, шинэ баг, шинэ бодлогын чиглэлтэй болдог гашуун туршлага бий дээ.