Өнгөрсөн I улирлын байдлаар Монгол Улсын 1 ажилтан дунджаар ₮4.8 саяын хөдөлмөрийн бүтээмжтэй ажиллажээ. Сайжраад байна уу, үгүй юу?
☔️ Анхаар цаг агаар: Энд анхаарах нь манай эдийн засаг цаг агаараас өндөр хамааралтай бөгөөд ялангуяа I улиралд барилга, ХАА-н салбар зогсонги байдалд ордог тул хөдөлмөрийн бүтээмж жилийн бусад үетэй харьцуулахад хамгийн доогуур түвшиндээ очдог зүй тогтолтой.
📌 Нэмэгдсэн гэхдээ
₮4.8 саяын бүтээмж нь өмнөх оны мөн үеэс 11.4% буюу хагас сая ₮-өөр өссөн дүн. Хөдөлмөрийн бүтээмжийг бодит ДНБ-ээс тооцдог тул 11.4%-ийн ахиц нь инфляцын шүүлтүүрийг давсан цэвэр өсөлт юм. Түүнчлэн, энэ нь манай улсын өвлийн улирлын түүхэн дэх хамгийн өндөр бүтээмж билээ.
⛳️ Зогсонгиос гарав: Хамгийн сүүлд 2021 онд энэ түвшинд хүрч рекорд тогтоож байсан бол 2022 оноос хойш жил бүрийн I улиралд бүтээмж ₮4.2-₮4.3 сая дээр гацсаар ирсэн. Харин дөрвөн жилийн дараа л бид ийнхүү зогсонги байдлыг давж, хуучин оргил түвшиндээ эргэн ирж байна.
🐫 Тэмээ шиг том ялгаа
1990 оны үед худалдаа, материал техникийн хангамж, аж үйлдвэр, тээвэр холбоо зэрэг салбаруудын бүтээмж хамгийн өндөр байсан аж. Худалдааны салбарынх бол бүр улсын дунджаас 2.9 дахин их байсан байна. Харин нөгөө талд ХАА-н салбарын хөдөлмөрийн бүтээмж дунджаас 2.4 дахин бага байж. Энэ цагаас хойш 36 жил өнгөрсөн ч ХАА-н салбар өөдлөөгүй хэвээр.
🙁 ₮1 сая хүрэхгүй: Одоогоор манай хамгийн өндөр бүтээмжтэй салбар уул уурхайн салбар байгаа. 1 ажилтанд ногдох ДНБ нь жилийн өмнөхөөсөө 13.2% нэмэгдэж ₮12.9 сая болоодохжээ. Харин ХАА-н салбарынх бол одоо ч ₮1 сая хүрдэггүй хэвээр. Уул уурхайн салбарын бүтээмжтэй харьцуулахад 16 дахин бага байна.
Эцэст нь… Бидний өвлийн улирлын бүтээмж 4 жилийн гацаанаас гарсан нь сайн хэрэг. Гэвч салбаруудын бүтээмжийн ялгаа тэмээ шиг том байгаа нь харамсалтай. ХАА-н салбарыг технологижуулж, бүтээмжийг нь өсгөхгүйгээр иргэдийн дундаж амьжиргааг жинхэнэ утгаар нь дээшлүүлэх боломжгүйг энэхүү статистик дахин санууллаа даа.