Ерөнхий сайд маань Хүчит шонхороос нөөцийн мах хайсныхаа дараа Нийслэлийн засаг даргыг ажлаас нь чөлөөлсөн тухай уншсан байх. Тэгвэл одоо тэр мах нь хаана байгааг, хэнтэй нуугдаж тоглоод байгааг сонирхъё.
👀 Тал нь энэ, тал нь алга
Энэ онд нийслэлээс 5,017 тн мах нөөцөлсөн ч одоогоор 2,500 тн махыг худалдаанд гаргаагүй байгаа аж. Мөн ЕС нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани 1 иргэнд ₮216 саяар мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан 9 компани дотор 1 иргэний 2 ААН байгаа зэрэг асуудлыг шалгуулахаар болсон тул нөөцийн махны худалдааг зогсоогоод буй.
🍖 Илүү бага махыг илүү олон цэгээр
Өмнөх жилүүдэд нөөцийн махыг 9 дүүргийн 500 гаруй цэгүүдээр худалдаалдаг байсан бол энэ жил 600 болгосон. Нөгөө талаас 2020-2022 оны хооронд дунджаар 12 мянган тн мах нөөцөлж бэлтгэдэг байсан бол энэ тоо өнгөрсөн онд 8.7 мянган тн, энэ онд 5 мянга болтлоо буурсан. Гэхдээ нийслэлийн төсвөөс нөөцийн маханд зориулж зарцуулах мөнгөн дүн бол өссөн юм.
☠️ Зарж үрэв: Махны үнэ одоогийнх шиг өсөөгүй байх үед буюу энэ оны 1-р сард хонины махны хувьд шинэ болон нөөцийн мах ₮3 мянгын зөрүүтэй байсан. Гэтэл нийслэлээс нөөцийн махны хүүгийн төлбөрийг төлнө гээд төсвөөсөө ₮8.7 тэрбум гаргахаар шийдвэрлэж байв. Татварын орлогоос ингэж үрсэн ч ЕС нь өнөө махыг нь хайх хэмжээнд байна гэхээр одоо юу хэлэх вэ дээ.
👊 Бага байна нэмнэ ээ: Инээдтэй нь өнгөрсөн 4 сард нийслэлээс шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор нөөцийн махны үнийг ₮3-₮5 мянгаар нэмээд амжсан.
📌💭 Ер нь хэрэг байна уу?
Нөөцийн махны хөтөлбөрийн зорилго нь махны үнийн огцом өсөлтийг тогтворжуулах, хязгаарлах. Гэвч сүүлийн 10 жилд үхрийн махны үнэ 207.5% өссөн нь энэ хөтөлбөрт “F” үнэлгээ өгөх том шалтгаан. Нөгөөтээгүүр 2021 онд нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс 44%-45% доогуур борлуулагдаж байсан бол одоо энэ тоо 38%-39% болж, хүртээмж нь буураад байна.
Эцэст нь… Үнэ гэдэг эрэлт нийлүүлэлтийн зарчмаар тогтох ёстой. Гэтэл манайд шатахуун, эрчим хүч, мах, сүү гээд бүхий л өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд төр оролцоно. Үр дүнд нь тус тусын салбар нь алдагдалтай, үнэ нь баригдахгүй, нэмээд төсвийн мөнгөнөөс цацаж үрнэ. Энэ тогтолцоо хэзээ халагдах бол доо.