Цаана чинь Монгол төсвийн ил тод байдлаар Ази тивдээ айргийн 5-д орчихсон байна. Уг нь жил бүрийн намар л төсөвтэй холбоотой хэл ам газар авдаг байтал яаж тийм дээгүүр орсон нь тун их сонирхол татна. За тэгээд юу болсныг сонирхоод үзье.
🧮 Онооны хувьд: Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас 2 жил тутамд төсвийн нээлттэй байдлын судалгааг танилцуулж ирсэн. Ингэхдээ төсвийн мэдээллийг авах боломж, иргэдийн төсөвт оролцох боломжит суваг, хяналтын байгууллагын төсвийн процессыг хянахад гүйцэтгэх үүрэгт үндэслэн төсвийн ил тод байдлыг 100 хүртэлх оноогоор үнэлдэг аж.
📈 Үр дүнгийн тухайд
2017 оноос хойш Монголын төсвийн ил тод байдлын оноо тогтмол өссөөр байна. Тухайлбал, 2017 онд 46 байсан төсвийн ил тод байдлын оноо 2025 онд 18-аар нэмэгдэж 64-д хүрчээ. Төсвийн ил тод байдлын оноо 61 ба түүнээс дээш байх нь ЗГ-аас төсөвтэй холоотой иргэд рүү чиглэсэн мэдээллийг хангалттай хэмжээнд өгч буйг илтгэдэг аж. Мөн төсвийн хяналтын тогтолцоо 74 оноотой гарсан нь хангалттай гэсэн түвшнийг харуулжээ.
🚩 Базаахгүй зүйлс
Энэ удаагийн тайланд Монгол л болсон хойно сайны хажуугаар саар зүйлс ч байлаа. Олон нийтийн оролцооны үзүүлэлтээр Монгол ердөө 35 оноо авсан нь ЗГ-ын зүгээс төсвийн үйл явцад иргэдийг оролцуулах тал дээр анхаарах шаардлагатайг харуулжээ. Түүнчлэн төсөв боловсруулах шатны оролцоо 33, батлах шатных 45, гүйцэтгэлийн шатных 34 оноогоор тус тус үнэлэгдсэн нь тааруухан явдал байв.
📄 Бичиг баримт сул: Төсвийн агуулгын хувьд жилийн явцын тайлан 96, жилийн эцсийн тайлан 82 оноо авсан ч хагас жилийн тайлан 26, батлагдсан төсвийн тухай хууль 39 оноогоор үнэлэгджээ. Үүнээс баримт бичгийн мэдээллийн иж бүрдлийг сайжруулах шаардлагатай нь харагдана.
Эцэст нь… Судалгаанаас төсвийн олон жилийн төсөөлөл болон макро эдийн засгийн мэдээллийг дэлгэрэнгүй тусгах, батлагдсан төсөвт орлогын задаргааг тодорхой харуулах, иргэний нийгмийн байгууллагуудыг төсөв боловсруулах бүхий л шатанд бодитоор оролцуулах гэх мэт зөвлөмжийг өгсөн байна. Эндээс харахад айргийн 5-д орсон гээд нээх баярлаад байх хэрэггүй байгаа биз.