Монгол Улсын санхүүгийн зах зээлд нэгэн томоохон түрлэг орж иржээ. Сүүлийн 1 жилийн дотор төгрөгийн хадгаламж ₮5.5 их наядаар буюу 25.1% цойлж өслөө.
💥 Байгууллагуудын тэсрэлт
Хадгаламжийн зах зээлийн гол багана нь мэдээж иргэд. Нийт хадгаламжийн 81.4%-ийг иргэд бүрдүүлж байгаа бөгөөд мөнгөн дүн нь 16.3% өсөж ₮22.3 их наядад хүрсэн аж. Гэхдээ энэ жилийн жинхэнэ сюрприз бол байгууллагууд байв. Тэдний ₮-ийн хадгаламж жилийн дотор 84.3% буюу бараг 2 дахин огцом өсөж ₮5.1 их наядыг давжээ. ААН-үүд бэлэн мөнгөө эргэлдүүлэхээс илүүтэй хадгалж, эрсдэлийн сан үүсгэж эсвэл ирээдүйн хөрөнгө оруулалтад бэлтгэж эхэлсэн үү гэлтэй.
🎲 Валютын сонирхолтой тоглоом: Нөгөө талд гадаад валютын хадгаламжийг харвал 2024 оны энэ үед буюу ₮-ийн ханш тогтвортой байх үед 18.5% буурч байв. Харин 2025 оноос байдал өөрчлөгдөж 20.1% нэмэгдсэн бол энэ удаад бага зэрэг буюу 6.7% өсөж ₮5.6 их наяд болсон байна.
💊 Гайхмаар нь: Хүмүүс валютаа зүгээр нэг хадгалаад зогсохгүй, харилцах дансандаа илүү ихийг буюу ₮5.7 их наядыг байршуулжээ. Энэ нь иргэд, байгууллагууд валютыг зөвхөн хадгалах биш, байнгын гүйлгээнд ашиглах бэлтгэлтэй байгааг харуулж байна.
🧮 Том зургаар: Энэ өсөлтийн нөлөөгөөр бүх харилцах, хадгаламж, итгэлцэл, бэлэн мөнгийг оролцуулсан дүн буюу нийт мөнгөний нийлүүлэлт 25.3% нэмэгдэж ₮51 их наядад хүрчээ. Энэ нь ДНБ-ий 56.7%-тай дүйх дүн юм. Сонирхуулахад, гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ сүүлийн жилүүдэд ₮1.1-₮1.2 их наядын хооронд хэлбэлзэж байна.
⛳️🏓 Зээлийн өсөлт хадгаламжаас бага
Тэгвэл еэвэнгийн нөгөө талд нийт зээлийн үлдэгдэл жилийн өмнөхөөсөө 16.2% нэмэгдэж ₮46 их наядыг давсны 60.5% нь иргэдийн зээл байна. Сонирхуулахад, ипотекийн зээлийн үлдэгдэл сүүлийн 1 жилд 20.8% тэлж ₮11.8 их наяд болжээ. Үүний ердөө 0.9% нь чанаргүйдсэн гэнэ.
Эцэст нь… Монгол Улсын санхүүгийн систем бүхэлдээ томорч, иргэд болон байгууллагуудын хуримтлал түүхэн дээд хэмжээндээ ирлээ. Харин таны хувийн санхүүгийн үзүүлэлт энэхүү 25%-ийн өсөлтийг давж чадсан уу?