AI хурдацтай хөгжихийн хэрээр кибер халдлага ч газар авах боллоо. Тухайлбал, Америкт нэгэн сэтгүүлчийн нэр, нас, хаяг гэх мэт хувийн мэдээллийг хакерууд AI ашиглан хулгайлаад 13 их сургуульд бүртгүүлж, $50 мянгын оюутны сургалтын зээл авах гэж байсан аж.
💸 $534 тэрбумын хохирол
Өнгөрсөн онд иргэдийн хувийн мэдээлэл хулгайлах кибер халдлагын тоо өмнөх оноос 20%-иар өсөөд байна. Энэ нь 2005 оноос хойших хамгийн өндөр дүнд хүрснийг илтгэх төдийгүй дэлхий даяар жил бүр цахим залилангаас $534 тэрбумын хохирол учирдаг аж. Үүний голлох шалтгаан нь AI болж, зээлийн мэдээллийн агентлаг Experian-н 2025 онд шийдвэрлэсэн 5 мянга гаруй зөрчлийн 40% нь AI агентаар үйлдэгдсэн байсныг тогтоожээ.
☠️ Санхүүгийн салбар
Хувийн мэдээллийг хулгайлах шинэ арга, хэрэгслүүд AI-н тусламжтай нэмэгдсээр байна. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээ авах, хэн нэгний сошиал хаягийг мөнгө олоход ашиглах, их сургуульд элсэх зэргээр кибер халдлага үйлдэх нь түгээмэл болжээ. 2025 онд Америкт бүртгэгдсэн кибер халдлагад хамгийн их өртсөн салбараар санхүүгийн салбар тодорсон бөгөөд нийт 739 гаруй удаагийн гэмт хэрэг бүртгэгдсэн аж.
🔎 Монголд ч аюултай
Энэ оны эхний 4 сарын байдлаар Монгол Улсад гэмт хэргийн улмаас ₮312.7 тэрбумын хохирол учирсны 1.6% буюу ₮5 тэрбумыг кибер гэмт хэргийн хохирол эзэлжээ. Сүүлийн жилүүдэд кибер халдлагаас үүдэх гэмт хэргийн тоо өссөөр байна.
🍗 Бодит жишээ: Энэ он гарснаас хойш KFC, Pizza Hut-н нэрийг барьсан залиланд 310 иргэн ₮1.1 тэрбумын хохирол амссан бөгөөд аз болж өчигдөр тус залиланг үйлдсэн 3 этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилжээ.
Эцэст нь… Гадаадад кибер халдлагын тоо огцом өсөж байгаа ч хохирогчдын илгээх мэдэгдлийн тоо 79%-иар буураад байна. Энэ нь хүмүүс мэдээллээ хулгайлагдсан эсэхийг мэдэхгүй байх магадлал өндөр байгааг илтгэх аж. 😬