Төрийн албан хаагчдын цалин 10% өсөхөд 4.4%-ийн инфляцыг бий болгодог гэнэ. Тэгвэл өнөөдөр манай улсын инфляц юунаас болоод галзуураад байна вэ?
👠 Хүнсний үнэ тэнгэрт хадав
Өнгөрсөн сарын байдлаар инфляцын түвшин 10.1%-д хүрсэн. Энэ нь сүүлийн 31 сарын дараа инфляц дахин 2 оронтой тоонд шилжиж буй түгшүүртэй үзүүлэлт юм. Нийт инфляцын 53.1%-ийг хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дангаараа бүрдүүлж байна. Тодруулбал, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ жилийн хугацаанд 19.7% өсжээ.
💨 Нүдээ аниад нээхэд: Том зургаараа сүүлийн 10 жилд өргөн хэрэглээний бараа тэр дундаа хүнсний үнэ гэрлийн хурдаар нэмэгдсэн. Ялангуяа Ковид-19-ийн дараах жилүүдэд. Жишээ нь, Хятадаас импортолж байгаа саримсны үнэ 686.8%, сонгино 266.9%, ургамлын тос 237.1%, төмс төмс 210.3% гэх мэтээр өсөж үнэ нь тэнгэрт хаджээ.
💸 Импортын нөлөө: Одоогийн инфляцыг 100% гэж үзвэл 28.9% нь импортын барааны нөлөө аж. Өөрөөр хэлбэл, ₮10-өөр нэмэгдэж байгаа барааны ₮3 нь импортын хамаарлаас үүдэж буй. Угаас Хятадын инфляц 1% өсөхөд урт хугацаандаа манай инфляц 1.17% нэмэгддэг.
⛽️ Шатахуун: Өнгөрсөн хугацааны трэнд датанд хийсэн судалгаанд газрын тосны үнийн 10%-ийн өсөлт инфляцыг 0.78% өсгөдөг гэсэн үр дүн гарч. Тээврийн зардал нэмэгдэхэд талхнаас эхлээд барилгын материал хүртэл бүх зүйлийн үнэд шингэдэг. Тэгэхээр одоогийн геополитикийн хурц нөхцөл байдал үргэлжилбэл байдал улам хэцүү болох нь.
📌 Хазаарлая гэлээ ч…
Уг нь бол Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого баримталж 12%-д хадгалж байгаа. Трэнд харвал бодлогын хүүгийн 1%-ийн өөрчлөлт нь урт хугацаандаа инфляцыг 1.2% бууруулдаг. Гэвч ч төсвийн тэлэлт, импортын хамаарал, нүүрсний үнээс шалтгаалсан экспортын орлогын бууралт нь мөнгөний бодлогын үр нөлөөг сааруулж, инфляцыг дорвитой хазаарлахад саад болсоор байна.
Эцэст нь… Дэлгүүр ороод ₮100 мянгад ч тор дүүрэхээ больсон нь тоо баримтаар ч харагдаж байна. Харин ЗГ-аас инфляцыг 2027 онд 7%, 2028 онд 6%, 2029 онд 5%-д барина гээд байгаа. Яаж гэдэг нь тодорхойгүй байгаа ч зорилтдоо хүрээсэй л гэж хүсье дээ.